2018 оноос хойш 2,2 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг хэлмэгдэгсдийн гэр бүлд олгожээ

ОРОН НУТАГТ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-09-10 22:21:40

Төв /МОНЦАМЭ/ Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Төв аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос аймаг, сумын хэмжээнд хэлмэгдэгсдийн ар гэрт хүндэтгэл илэрхийлэх, гарын бэлэг гардуулах, тэдний талаар хийсэн түүхэн баримтат киног иргэдэд үзүүлж, залуу хойч үедээ хэлмэгдүүлэлтийн хор уршгийг таниулах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Төв аймгийн хэмжээнд нийт 3090 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь тогтоогдож цагаатгагдаад байна.

Үүнээс лам хуврагууд 2257, язгууртан 141, ардын төрийн албан хаагч, иргэд 692 байжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40.0 сая төгрөгийн нөхөх олговор тус тус олгохоор тусгасан. 

Энэ хүрээнд 2018 оноос хойш 39 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгоод байна. 

Холбоотой мэдээ