УИХ, Засгийн газраас Бэлчээрийн Үндэсний зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-09-09 12:21:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээрийн Үндэсний дөрөвдүгээр форум өнөөдөр цахимаар болж байна. “Хариуцлагатай нүүдэлчид: та хээрийн бэлчээр нутгийн эко системийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна” сэдэвтэй чуулганыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хорооны гишүүн Б.Тэмүүлэн нээж үг хэллээ. Тэрээр, манай орны МАА-н салбарын хамгийн том асуудал болсон бэлчээрийг хамгаалж, сэргээх талаар саналаа хэлж ирээдүйн төлөвийг хэлэлцэхээр дөрөв дэх намраа чуулж буйг онцлоод, бэлчээрийн төлөө тод дуу хоолой болж ирсэн Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн холбоо, ШХА-ийн төслийнхөнд талархал илэрхийлэв.

Монгол орны ХАА, мал аж ахуйн үндэс болсон бэлчээр болон газартай холбоотой асуудлыг бүрэн зохицуулж, бие даасан хууль эрхзүйн орчинтой болгох үүднээс Үндэсний зөвшилцлийн шийдэл ойлгоцыг бий болгох зорилгоор Бэлчээрийн Үндэсний санал асуулга Үндэсний зөвлөгөөнийг УИХ, Засгийн газраас санаачлан зохион байгуулж хийхээр төлөвлөж буйг чуулганд оролцогч нарт дуулгалаа.

Чуулганыг ХХААХҮЯ, Швейцарын Хөгжлийн агентлаг, тус агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, Монголын Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн холбоо, Газарзүй зохион байгуулалт, геодиз зураг зүйн газар, Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, МУИС, ХААИС зэрэг байгууллага хамтран зохион байгуулж малчид, ХАА-н мэргэжилтэн эрдэмтэн судлаачид, төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Цахимаар болж буй чуулганаар виртуал өрөөнүүд бэлтгэж оролцогчид түүгээр зочилж чуулганы үндсэн хуралдааны илтгэл, хэлэлцүүлэг болон чуулганыг тойрсон үйл ажиллагаатай танилцаж боломжтой аж.




Малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байна. 


Чуулганыг зохион байгуулагч Швейцарын Хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999-2000 онд зуданд нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий Ногоон алт-Малын эрүүл мэнд урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлээд байна. Чуулганаар төслийн хугацаанд Монголын малчид, үндэсний байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн Монгол Улсад үлдээж буй өвүүд, үр дүн, сайн туршлага, сургамжуудыг хуваалцаж байна.




Тодруулбал, талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар аймаг, хөдөө орон нутагт хийж буй үйл ажиллагааг танилцуулж, цаашид гарах боломжийг хэлэлцэж байна. Учир нь төслийн дүнд манай малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байгаа юм. 



Холбоотой мэдээ