Марзан Шаравт зориулан цогцолбор барих газрын зөвшөөрөл хүсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХ зууны Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Балдуугийн Шарав буюу Марзан Шаравын дурсгалд зориулсан цогцолбор барих газрын зөвшөөрөл хүсэж, “Марзан Шарав хишигтэн” ТББ-ын тэргүүн Ч.Хишигчулуун хотын удирдлагуудтай уулзав.
Тэрбээр, Марзан Шарав зураачийн алдар гавьяаг мөнхжүүлэх,
олны дунд ам дамжин ирсэн буруу ташаа ойлголтыг залруулах хүсэлтээ
илэрхийлээд, Б.Шаравын онцлох таван бүтээл олонд танигдсан ч нийт 100 гаруй
бүтээл туурвисан алдартан гэдгийг онцоллоо.
Мөн кинонд гардагчлан тэнэмэл зураач бус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, удам дамжсан нэрт уран бүтээлч талаас нь таниулах, хүмүүсийн мэддэггүй бүтээлүүдийг нь сурталчлах үүднээс цогцолбор байгуулахаар санаачилжээ. Түүний саналыг сонсож, хөшөө дурсгал барьж байгуулах болон газар олголтын талаар мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
Балдуугийн Шарав буюу Марзан шарав 1869 онд Засагт хан аймагт (одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Цагаан давааны өвөлжөө) гэдэг газар малчин айлын хүү болон мэндэлжээ.
Б.Шарав уран зураг зурсан цагаасаа эхлэн 1890-ээд оны үеийн монгол ахуй, амьдралыг дүрслэхийг чухалчилж байсан нь түүний "Монголын нэг өдөр", "Үрс гаргаж байгаа нь" зэрэг бүтээлээс харагддаг. Түүнийг Монголын дүрслэх урлагт оруулсан тод томруун хувь нэмрийг цухас дурдвал, гурван хэмжээст зургаар дагнан бүтээлүүдээ туурвисан байдаг. Зурагтаа хүн, амьтан, уул ус зэргийг биетэй мэт болгон харагдуулахын тулд сүүдэр оруулан зурах, өнгөний тод болон бууралталтыг зохицолдуулах зэрэг тухайн үед хэрэглэж байгаагүй шинэ тутам зургийн ур ухааныг гаргадаг байжээ.
Монголчууд "Монголын нэг өдөр" зургаар нь маш сайн мэддэг. Наймдугаар богд Жавзандамба хутагт, хатан Дондогдулам нарын хөргийг зурсан нь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа. Мөн найруулагч Д.Жигжидийн найруулсан “Өглөө” кинонд ардын засгийн даалгавраар оросын удирдагч В.И.Лениний хөргийг тэнгэрийн хөх өнгөтэй дэвсгэр, бадамлянхуа цэцэг, хувьсгалт тэмцлийн Монгол, Оросын найрамдлыг бэлгэдсэн хоёр улаан тугийн хамтаар дүрслэн харуулсан байдаг. 1924 онд бүтээсэн "Ленин" зураг нь Монголын уран зургийн галерейд дүрслэх урлагийн өв болон хадгалагддаг аж.