Шинэ технологи боловсруулж, өвөрмөц санаачилга гаргасан иргэдтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-09 09:26:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр өчигдөр шинэ санал, санаачилга гаргаж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.


Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн, Монгол Улсын үндэсний зөвлөх, судлаач Г.Лхагвасүрэн  “Цэвэр байгаль системчлэл” боловсруулснаа танилцуулж, нийслэлд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Тэрбээр, нийслэлийн 171 хорооны дэргэд Тохижилт, нийтийн аж ахуйн бичил төв байгуулах санаачилгаа танилцуулав. Ийм төвийг хороо бүрд байгуулснаар айл өрхөөс гарч буй хог хаягдлыг ангилан ялгаж, бага хэмжээний үйлдвэрлэл явуулж, цахилгаан эрчим хүч, дахин ашиглахуйц ус үйлдвэрлэх боломжтой. Хатуу хог, аюултай хаягдал, төмөрлөг гэж ангилснаар хог хаягдлын овор 10 дахин багасаж, 8937 хүний ажлын байр бий болно гэжээ.


Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон бусад холбогдох албаныхан оролцсон ажлын хэсэг байгуулан, иргэн Г.Лхагвасүрэнгийн санаачилгыг судалж, хог хаягдлын менежментийг боловсруулан дүгнэлт гаргаж, он дуусахаас өмнө Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар болов.


Түүнчлэн, Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Ц.Батбилэг уулзалтад оролцов. Тэрбээр танхимын болон цахим сургалтыг дэмжих смарт платформ бүтээж, хувийн хэвшлийн сургуульд хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад түгээх хүсэлтэйгээ илэрхийллээ. Смарт платформыг “Эрин эверест интернэшнл” дунд сургуульд 2020 оны 10 дугаар сараас хэрэгжүүлжээ. Энэ платформ нь цахим бугуйвчийн тусламжтай багш, сурагчдын ирц бүртгэн, хүүхдийн биеийн халууныг хэмжин, 1.5-2 метрийн зай барьж буй эсэхийг ч хянаж, дуут дохио өгөх шинэлэг үйлчилгээтэйг онцлов. Ингэснээр багш нарын гэрийн  даалгавар засахыг хөнгөвчилж, ирц бүртгэх, халуун хэмжих, халуун хэмжигч багаж төхөөрөмж авах зардлыг 80 хувь багасгажээ.


Шинэлэг технологийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд хөрөнгө санхүү хангалттай биш гэдгийг нийслэлийн удирдах ажилтнууд тайлбарлаад, эхний ээлжид төрийн өмчит нэг сургуулийг сонгон нэвтрүүлж, үр дүнг судлахаар тогтов. НБГ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Мэдээлэл технологийн газрууд боломжит хувилбар, судалгааг хамтран гаргаж, үр дүнд хүргэх аж.

Холбоотой мэдээ