Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-07 15:08:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэхээр болжээ.


Хэрэв гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэд Сонгинохайрхан дүүргээс эхлэн иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага байна уу? гэсэн сэдвээр иргэдийн дунд санал асуулга явуулна гэж түр хорооны төлөөлөл мэдэгдлээ.


Тус хорооны гишүүн н.Хажидмаа, “Цар тахлын хүнд үед төр иргэдээ сард 255 мянган төгрөгөөр хэрхэн яаж амьдарч байгааг бодолцож үзмээр байна. Улсад 30 жил ажилласан иргэн 255 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Өндөр настнуудын тэтгэврийг нэмэх боломжтой” гэв.


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тэтгэврийн насны 190 мянга орчим ахмад сард хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 188 мянган төгрөг авдаг байна. Гэвч энэ мөнгөөр амьдрах аргагүй болж цар тахал, үнийн өсөлт дарамт болж байгааг Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос мэдээллээ.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ