95 жилийн түүхтэй барилгын салбарын шилдгүүдийг шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-03 15:27:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн сүүлийн өдрүүдийг “Барилгачдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэдэг.


Шинэ үеийн барилгын салбарын 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, "Барилагчдын талбай"-д бүтэн жилийн хугацаанд тугийг нь мандуулж, алдаршуулдаг.


Энэ оны барилгын салбарын шилдэг 12 аж ахуй нэгжийг алдаршуулан дуудаж, “Баганат өндөрлөг” бүхий цом, өргөмжлөл гардуулан, тугаа мандууллаа. Барилга угсралтын чиглэлээр "Химон конштракшн" ХХК, "Томобюлдинг”ХХК, "Макс өргөө" ХХК, Инженерийн шугам сүлжээний чиглэлээр "Билгүүн-од" ХХК, Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр "Мон цемент билдинг материалс" ХХК, "Байгууламж Од" ХХК, “МСМ групп” ХХК, Зураг төслийн чиглэлээр “Барилга байгууламж” ХХК, “Урбан девелопмент консалтинг групп” ХХК “Хайдродизайн прожект”ХХК, “Эрдэнэт үйлдвэр” “Ганбиж” ХХК шалгарлаа.


Талбайд туг мандуулах ёслолыг халдвар хамгааллын дэглэм баримталж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан шагналыг гардуулсан юм. 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, БХТ-ийн захирал Ц.Амарсанаа болон холбогдох албан тушаалтнууд биечлэн оролцож, цахимаар нийт барилгын салбарынхандаа мэндчилгээ хүргэв.


Түүнчлэн, 95 жилийн ойн баярын хурлаа цахимаар хийж, БХБЯ-ны газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд, 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар оролцож, салбарын хэмжээнд хийж буй томоохон ажил, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтуудыг танилцуулав.


Тодруулбал, “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах” тухай, “Сумдын хөгжил” төсөл арга хэмжээний тухай, “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” /ХАНХСЕТ/-ийн явц, “Орон сууцны судалгаа, сургалтын үйл ажиллагаа”-ны тухай, “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, барилга захиалагчийн техникийн хяналт”-ын тухай зэрэг сэдвээр илтгэл тавьж, санал солилцлоо.

 

Холбоотой мэдээ