Уул уурхайн олборолтоор эвдэрсэн газрын бодит хэмжээг тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-01 12:26:46

Дархан-Уул аймгийн МХГ-аас эрхлэн тус аймагт ажиллаж байгаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтэд тандалт судалгаа хийжээ.

Уг судалгаагаар тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборолтоор эвдэрсэн газрын хэмжээ, уг газарт хийсэн техникийн болон биологийн нөхөн сэргээлт ямар байгааг судалсан байна. Өнгөрсөн оны судалгааны дүнгээр аймгийн хэмжээнд нийт 1349.8 га газар, 288.4 сая.м3 газрын хэвлий эвдрэлд өртсөнөөс 321.89 га газар, 34.5 сая.м3 газрын хэвлий буюу 23.6 хувьд нь техникийн, 73.3 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад техникийн нөхөн сэргээлт 6.8 хувь, биологийн нөхөн сэргээлт 8.7 хувиарь өссөн дүнтэй байна гэж тус аймгийн МХГ-ын БОГГЗЗ-н хяналтын улсын байцаагч Ч.Навчгэрэл ярилаа.

Тэрбээр хэлэхдээ:-“Бид энэ удаагийн тандалт судалгаагаар 2015 оны гүйцэтгэлийг үзлээ. Энэ жил улс орны эдийн засгийн хүндрэл, уул уурхайн компаниуд улирлын чанартай ажилладаг зэрэг шалтгаанаар одоогийн байдлаар ажиллаж байгаа 8 компани судалгаанд хамарлаа. Судалгааны эцсийн дүн оны төгсгөл 11 дүгээр сард гарна. Энэ удаагийн тандалт судалгааны дүн, гаргасан зөвлөмжөө аймгийн Засаг дарга болон Байгаль Орчны газарт өгсөн. Уг зөвлөмждөө бид Засгийн Газрын 2015 оны 120, 189 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлж ажиллах, аймгийн хэмжээнд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гаргах ажлыг “Байгаль хамгаалах сан”-гийн хөрөнгөөр хийж аймгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллах. Мөн Тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборолтоор эвдэрсэн газрын бодит хэмжээг баталгаажсан хэмжилтийн багажаар хэмжиж үр дүнг нь байгаль орчны мэдээллийн санд оруулахыг зөвлөсөн” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ