Асаж бадарсан сэтгэл нь үлдэнээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2016-07-01 11:03:21

ЗУЛ ҮГ

Аяа, өчигдөр хайртай сайхан ах минь тэнгэрт нисэн оджээ. Ийм мэдээ хамгийн хэцүү. Гэвч хамтдаа ажиллаж байсан сайхан ах нараасаа салахад нулимс унагах маань ч багадах..

ДАВААСАМБУУ...гэж нэг сайхан ах минь хүний хорвоог орхиод , тэнгэрт заларчээ. Ердөө өчигдөрхөн...

Бид бие мууг нь дуулаад нэг эргэе хэмээн хэд гурван бор юм цуглуулж суугаад л сайхан ахыгаа алдчихлаа...Хайран гэж...Хүний хайлан явсан сайхан сэтгүүлч, сайхан найрагч байж билээ.

МОНЦАМЭ агентлагийн “”МОНЦАМЭ мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн албыг хашиж, хамт олноо ухаалгаар “хашиж” явлаа. Ахынхаа энэ албыг ч бивээр залгамжлан авч, сайхан хамт олныхоо дунд цуг амьсгалж, амьдарч явнаа.

Даваасамбуу ахыг би оюутан байхын мэднэ. Тэрбээр УБДС-ийн оюутны зөвлөлийн дарга байв. Багшийн дээдийн байранд тусгай өрөөтэй,  бага залуу бидэн охидтой уулзахдаа ахын гарын үсгээр л орж гардаг байлаа шүү дээ.      

Бас шүлэг бичнээ...УБДС, МУИС-ийнхан халз уралдаж, ханз архиддаг байв даа? Гэвч ах минь хэзээ ч нэг л зангаараа явлаа.

Тэрбээр УБДС-ийг  онц төгсөн тэр үеийнхээр улаан дипломтой,  МАХН-ын улаан үнэмлэхтэй торох юмгүй л эр байж дээ. Шууд л “Үнэн” сонинд очсон санагдана. Сүүлд өөрөө багшийн дээддээ багшлах байсан ч сэтгүүлч болохоор шийдсэн гэж билээ.

“Үнэн” сонинд байхдаа хэд хэдэн аймгийн тусгай сурвалжлагчаар ажиллаж, “Шорон дотор дэглэгчид байдаг уу”, “Хал цэргүүдийн дэглэлт хэтэрлээ” зэрэг нийгмийг доргиосон нийтлэлээрээ алдаршиж явсныг бид л мэдэхээс хойших үеийнхэн мэдэхгүй байх аа. 

Мань эр зохиолчдын хороог хуваагдахад Монголын чөлөөт зохиолчдын холбоог байгуулаад манаргаж явлаа. Тэр бүү хэл МАХН-даа үнэнчээ харуулж Н.Энхбаярыг МАН-аас салж МАХН байгуулахад оролцон УИХ-ын сонгуульд ч Увс нутгаасаа тодрох гээд явж байсныг санах...Тэр үед нь би нэг хөргөрхүү юм бичиж байсан даа...

Иймэрхүү л идэвхтэй амьдрал түүнд байсан юм шүү. Бас ажлаа өгөөд дөнгөж тэтгэвэрт гарахдаа дэд эрдэмтний зэргээ шулуухан хамгаалж байж билээ. Оюунт, эрдэмт ах минь “Их Засаг”, “Зохиомж”...гээд дээд сургуулиудад сэтгүүл зүйн хичээл ч зааж явсан, олон сайхан шавьтай болсныг бас дурдууштай...

Ийм сайхан ахаа сэтгэл эмзэглэн дурсан сууна  

Түүний энгэрт лавтаа төрийн "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", “Алтан гадас” одон, МЧЗХ-ны тэргүүн тэмдэг гялалзаж байсан. Авах цол нь оройтоод явсан хүний нэг дээ хөөрхий...

Ахынхаа гэгээн дүрийг МОНЦАМЭ-чүүд үргэлж дурсах болноо.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан

Холбоотой мэдээ