Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-31 12:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх "Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.


Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд материалыг есдүгээр сарын зургааны 18.00 цаг хүртэл хүлээн авах аж. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод, гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөх, инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаанд мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагааг хянах бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдлаа тодорхойлсон байх шаардлага тавьжээ.


Хөтөлбөр хэрэгжүүлснээр санхүүгийн болоод үйл ажиллагааны тал дээр тогтворжих, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг суулгахыг зорьжээ. Тус хөтөлбөр нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгох, шинэ хэрэгцээ шаардлагыг эрэх, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг үзүүлэх зорилготой.


Инкубатор хөтөлбөрт бүртгүүлэхдээ http://bit.ly/36HLBSs  холбоосоор орж, хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/BayankhoshuuinnovationCenter хаягаас авах боломжтой.

Холбоотой мэдээ