Дархан-Уул аймгийн ИТХ-ын сонгуульд гурван бие даагч ялалт байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-30 18:56:26

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид 25 суудал, Ардчилсан намаас нэр дэвшигчид 5 суудал авсан бол бие даагчид гурван суудал авчээ.

Энэ тухай тус аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Энхбат сонгуулийн дүнгийн тухай сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурдав. Тэрбээр аймгийн ИТХ-ыг сонгох 21 тойрогт 33 суудлын төлөө өрсөлдсөн нэр дэвшигчдийн авсан санал тус бүрийг нэг бүрчлэн танилцууллаа. Аймгийн ИТХ-д олонхийн санал авсан эдгээр 33 төлөөлөгчийн тав нь эмэгтэй хүн сонгогджээ. Сонгуулийн хорооноос хийсэн энэ удаагийн мэдээлэл нь санал хураалт дууссанаас хойш анх удаа албан ёсоор хийж байгаа мэдээлэл юм.

Аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Энхбат:-“Бид дөнгөж сая л бүх дүнгээ нэгтгэж гаргаад та бүхэнд албан ёсоор хүргэж байна. Маргааш үдээс өмнө Сонгуулийн хороо  хуралдаж баталгаажуулаад эцсийн дүнг нийтэд дахин мэдээлнэ” гэв.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ