Н.Уртнасан: Оюуны өмчтэй холбоотойгоор "Андлалын өргөө"-г буулгахад хүрсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-26 18:40:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Батноров суманд босгож байсан “Хүлэг Боорчи-Андлалын өргөө” хэмээх аялал жуулчлалын цогцолбор байгууламжийг буулгасантай холбоотойгоор БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнөөдөр мэдээлэл хийв. Тэрээр, энэ бол орон нутагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ хариуцан улсын төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын нэг юм гэдгийг тодотгов. 

Цогцолборын зураг төслийг УГЗ, уран барималч Д.Эрдэмбилэг зохиож, улмаар БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, төслийг гүйцэтгэх "Хос санаа" ХХК гурвалсан гэрээ байгуулж бүтээн байгуулалтыг 2018 онд эхлүүлсэн. Харамсалтай нь барилгыг барьж байх үед Д.Эрдэмбилэг зохиогч нас барж, яам өнгөрсөн хугацаанд төслийг үргэлжлүүлэх  талаар судалж Д.Эрдэмбилэг агсны шавь нартай уулзаж анхны зураг төслийг нь үргэлжлүүлэх боломж байгаа эсэх талаар ярилцсан.


Байгууламжийг буулгахад гарах зардал хөрөнгийг улсын төсвөөс гаргаагүй гэдгийг БОАЖ-ын сайд мэдэгдлээ. Барилгын хог хаягдлыг устгах гэрээ хэлэлцээрийг орон нутагтай нь хийжээ. 



Гэвч оюуны өмчийг анх эзэмшигч буюу зураг төслийг зохиогч нь өөрөө барилгын гүйцэтгэлийн явцыг хянах боломж хязгаарлагдмал учраас энэ зураг төслийг гүйцэтгэхэд хүндрэл үүсэж байна гэсэн дүгнэлт гарсан. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учраас оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарч эхэлсэн. Барилгын ажил болон гадна тохижилтыг бүрэн хийж дуусаагүй байх үед гүйцэтгэлтэй холбоотой сөрөг мэдээлэл шүүмжлэл нийгэмд их гарч ирсэн учир Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс “Хос санаа” болон “Классик хаус” ХХК-д оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан гэв. 




Мөн БОАЖЯ-нд барилгын ажлыг зогсоож буулган, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлтийг гэргий болон ээжээс нь хүсэлт тавьсан. Эдгээр хүсэлтийг судалж үзээд БОАЖЯ-наас барилгыг гүйцэтгэх 1.9 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх талаар "Хос санаа" ХХК-д хандсан гэв. Тус гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсан тухайд "Гурван талт гэрээгээр Төрийн захиргаа удирдлагын газраас үнэлгээний комисс байгуулж 2018 онд дээрх компани шалгарсан. Гэрээний явцад гарч байгаа гүйцэтгэлийг Хэнтий аймаг буюу орон нутаг хариуцан хянахаар тусгасан. Тус компани нэгэнт оюуны өмчийг цуцалсантай холбоотойгоор цаашид уг ажлыг гүйцэтгэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж барилгын өртөг мөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлээд байна" гэлээ. Харин барилгыг бууулгахад гарах зардал хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүй гэдгийг БОАЖ-ын сайд мэдэгдлээ. Барилгын хог хаягдлыг устгах гэрээ хэлэлцээрийг орон нутагтай хийжээ. 

Р.Батхишиг

Гэрэл зургийг Н.Батбаяр



Холбоотой мэдээ