“Цэргийн ралли-2021” тэмцээнээс алт, хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Тува улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож байгаа билээ.
Энэхүү “Цэргийн
ралли-2021” олон улсын тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг
тамирчдын ахлагчаар ЗХЖШ-ын Материал, техникийн газрын даргын орлогч, техникийн
хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх, багийн дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011
дүгээр ангийн захирагч, хурандаа М.Батдорж нар ажиллаж байгаа юм.
Энэ сарын 23-ны
өдөр явагдсан нэгдүгээр шатны буюу нэг бүрийн уралдааны дүнгээр “Урал 4х4”
ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч
Х.Ширмэнхоовон нар хүрэл медаль хүртлээ.
Мөн 24-ний өдөр зохион байгуулсан хоёрдугаар шат буюу хөөх уралдааны “Урал 6х6” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Мөнгөнхуяг, жолооч, ахлах ахлагч Б.Алтанхуяг нар алтан медаль, “Урал 4х4” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар хүрэл медалийн эзэн болсон байна.