Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой маргаан арбитрын шүүхээр орно

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-06-30 13:49:44

ГААГ. /NHK/. Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн харьяаных гэж БНХАУ үзэж байгааг эсэргүүцэн Филиппиний гаргасан гомдлыг Олон улсын арбитрын шүүх ирэх сарын 12-нд хэлэлцэхээр товложээ.

Өмнөд Хятад тэнгисийг бараг бүхэлд нь БНХАУ өөрийн улсын нутаг дэвсгэр гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй гэж Филиппиний тал мэдэгдээд, Гааг хотод төвтэй Олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргасан юм.

Тус шүүх энэ гомдлыг 7 дугаар сарын 12-нд авч хэлэлцэн шүүхээр болсноо өчигдөр зарлажээ.

БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь эзэмшиж байгаагаа “түүхэн улбаатай эрх” гэж байгаа нь олон улсын хуульд нийцэхгүй “үндэслэлгүй” хэрэг юм гэж Филиппин үзэж байна.

Харин Хятад улсын албаны хүмүүс “манай улс арбитрын шүүхийн ямар ч шийдвэрийг хүлээж авахгүй” гэж нэг бус удаа мэдэгдсэн бөгөөд “холбогдох талууд энэ маргааныг яриа хэлцээ хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Олон улсын арбитрын шүүх ийм төрлийн гомдлыг анх удаа хүлээн авч байгаа учраас хэрхэн шийдвэрлэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ