"Богдхан төмөр зам" төслийн нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-23 20:21:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 4-ний хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм.


Уг төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, ЗТХЯ-ны сайд, УИХ-ын гишүүд, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд болон холбогдох албны хүмүүс оролцсон юм.


Төслийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, "Өнөөдөр Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, 3 жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байна. Богдхан төмөр зам нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бодитоор бүрэлдэн бий болж, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм” хэмээн онцолсон.


Мөн тэрээр “Аливаа асуудалд туслах болон үндсэн шийдэл гэж байдаг. Гэвч Улаанбаатар хотын түгжрэлд туслах шийдэл нэмэр болох боломжгүй болсон. Дугаарын хязгаарлалт хийх, шинээр нэг, хоёр нүхэн гарц нэмээд шийдэх боломжгүй. Бид жил бүр 80-90 мянган автомашиныг шинээр худалдан авч байна. Цаашид энэ чигээр үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот тэг зогсолт хийх нөхцөл бодитоор үүсээд байгаа. Авто замын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх эсвэл шууд ардчиллын аргыг хэрэглэхийг ч үгүйсгэхгүй” гэсэн юм.




Уг нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, “Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдрах ёстой боловч өдгөө 1.5 саяд хүрч, хотын даац гурав дахин нэмэгдсэн нь иргэдийн амьдралд нэлээд хүндрэл үүсгээд байна. Тиймээс түгжрэлийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч, Улаанбаатар хотын дагуул хотуудыг тэлэх төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж байгаа нь нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад Богдхан төмөр замын төсөл онцгой ач холбогдолтой” гэв. 


“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэгэн адил Богдхан төмөр замын ажлыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.



Уг төмөр зам ашиглалтад ороход нийслэлийн авто замын түгжрэл багасаж, ажлын байр нэмэгдэн, хүн амын төвлөрөл саарч, улмаар агаар, хөрсний бохирдол буурна.

Түүнчлэн төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, нийслэл дэх галт тэрэгнээс ялгарах дуу чимээний бохирдол 80 хүртэл хувиар буурснаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжрах юм.


Богдхан төмөр замыг түшиглэн Хөшигийн хөндийд тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ байгуулж, дэлхийн зах зээлд холбогдон, хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай нийгмийн дэд бүтцийн цогц үйлчилгээг үзүүлэх, иргэд амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй шинэ дагуул хотууд байгуулагдана.





Гэрэл зургийг Б.Чадраабал 

Холбоотой мэдээ