Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган энэ сарын 25-нд цахимаар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-23 14:32:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 1921 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монголын залуучуудын анхны байгууллагыг “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэрээр байгуулснаас улбаалан энэ өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг.


НҮБ-аас жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн залуучуудын өдөр” болгон, асуудал хөндсөн уриа дэвшүүлж шийдвэр гаргагчид, олны анхаарлыг залуусын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд хандуулдаг. Энэ жилийн уриаг “Хүнсний эрүүл, аюулгүй байдал: Залуусын оролцоо, инновац” хэмээж, нийгмийн хөгжил, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад залуусын санаачилга, оролцоо чухлыг тэмдэглэжээ.


Манай улсад залуусын хөгжлийн сарын аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээ Монгол Улсад Залуучуудын байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 100 жил тохиож буйг онцолж байна.


Сарын аяны нэг болох Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулна.

Чуулганаар залуусын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, сайн дурын ажил, эрүүл аюулгүй хөгжих, орчныг бүрдүүлэх, орон сууцаар хангах зэрэг тэдний хөгжил, оролцоог дэмжих олон талт үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, сорил, бэрхшээлийн тухай хэрэгжүүлэгч талуудын илтгэл, танилцуулгыг сонсож, залуус, олон нийт нээлттэй хэлэлцэх юм.


Чуулганыг ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн зөвлөл зохион байгуулж, НҮБ-ын Хүн амын сан дэмжин оролцоно. Залуус, олон нийт энэ цахим чуулганд QR код уншуулан оролцох боломжтой.  Мөн ХНХЯ, ГБХЗХГ, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн фэйсбүүк хаягаар оролцож болно.


Манай улсын нийт хүн амын 31.7, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуус эзэлдэг.

Холбоотой мэдээ