Отгонтэнгэрийг тайх ёслолд оролцогсдод хогийн уут үнэгүй тарааж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-22 13:00:57

Завхан/МОНЦАМЭ/.Отгонтэнгэр уулыг тайх ёслолын арга хэмжээнд оролцож буй иргэдэд 3,000 ширхэг хогны уут үнэгүй тараажээ.

Өнөөдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр уулыг тайх ёслолын арга хэмжээ болж байна. Тус арга хэмжээний үеэр “Завханаар аялъя” фэйсбүүк группийн гишүүд тахилгад оролцож байгаа иргэдэд 3,000 ширхэг хогны уутыг үнэгүй тарааж байна.  -“Тахилгын үйл ажиллагаанд оролцож буй иргэд хогоо зориулалтын уутанд нь хийж, машиндаа авч яваад тусгайлан бэлдсэн хогийн цэгт хаяасай. Бид байгаль эх дэлхийгээ хамгаалж соёлтой аялахыг уриалж байна. Ер нь шүтэж тахидаг уул овооныхоо тахилга тайлалд оролцохдоо иргэд байгаль дэлхийгээ баярлуулах нь зүйн хэрэг юм. Гэхдээ бид хариуцлагатай аялахыг суралцаасай гэж бодож байна. Тухайлбал ариун цэврийн цаас, хадаг хоёр уулаар нэг намирч байвал ямар юмных нь тахилга болох билээ. Хүн бүр бие биедээ шаардлага тавьж байгалиа хамгаалах нь бидний үүрэг юм шүү. Бидний сүсэг бишрэлийн үр дүнд өнгө өнгийн хадаг, ариун цэврийн цаас, сүүний сав гээд бүх төрлийн хүнсний уут, боодлыг нь задлаагүй чихэр гэх мэт зүйлс нь бидэнд анзаарагдахгүйгээр хог болон үлддэг. Тиймээс байгаль дээр анх очиход ямар байсан яг тэр хэвээр нь үлдээгээд буцахыг хүсэж байна” гэж “Завханаар аялъя” фэйсбүүк группийн админ мэдээлэв. 



Холбоотой мэдээ