“Байконур”-аас “OneWeb”-ийн хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-08-22 12:41:34

МОСКВА./RIA Novosti/. Их Британийн “OneWeb” компанийн харилцаа холбооны 34 хиймэл дагуулыг "Байконур" сансрын буудлаас ОХУ-ын "Союз-2.1б" зөөгч пуужингаар хөөргөж, тойрог замд амжилттай орууллаа гэж "Роскосмос" корпорац мэдээлжээ.


Пуужинг Москвагийн цагаар 1 цаг 13 минутад хөөргөжээ. Үүнээс өмнө хөөргөлтийг хоёр ч удаа хойшлуулсан байна. Эхний удаа наймдугаар сарын 19-нд хөөргөх цогцолбор дахь Оросын тоног төхөөрөмжийн эвдрэлийн улмаас хойшлуулсан бол хоёр дахь удаад наймдугаар сарын 20 -нд "OneWeb" компанийн хиймэл дагуулын газрын удирдлагын цогцолборын программ хангамжад эвдрэл гарснаас болж хойшлогджээ.


"Фрегат" хурдасгуур блокоор хиймэл дагуулуудыг тойрог замд гаргах ажил 3 цаг 45 минутийн турш үргэлжилжээ. Энэ хугацаанд хурдасгуур блок 10 маневр хийж, хиймэл дагуулуудыг есөн бүлэг болгосон байна.


"OneWeb" компани нь 2021 оны сүүлчээс харилцааны холбооны хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлж эхлэх бөгөөд 2022 оны зургадугаар сар гэхэд тойрог замд 648 хиймэл дагуул байрлуулж дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэд өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ удаагийн хөөргөлтийн дараа тойрог замд байрлуулсан хиймэл дагуулынх нь тоо 288 болжээ.  

Холбоотой мэдээ