НҮБ-ын суурин төлөөлөгч нар Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-20 14:58:31

Увс /МОНЦАМЭ/. Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикова болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана нар Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа.

  Тус хамгаалах байр нь өнгөрсөн онд 100 хүнд түр хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээрийн 33 нь хүүхэд, үлдсэн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд байжээ. Энэ он гарсаар тус хамгаалах байраар 45 хүн үйлчлүүлснээс 15 нь хүүхэд, үлдсэн эмэгтэйчүүд байсан аж. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд ихэвчлэн хүүхдүүдтэйгээ хамт Түр хамгаалах байранд байрлаж, 7 ба түүнээс дээш хоног хүртэл хугацаанд хамгааллын үйлчилгээ хүртдэг байна.

  Түр хамгаалах байрыг өнгөрсөн онд Азиийн хөгжлийн банкны санхүүжилтээр засаж тохижуулан, тав тухтай орчин нөхцлийг хангасан байна. Гэвч ковид-19 цар тахлын улмаас шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хараахан нийлүүлж амжаагүй байгаа аж.

   НҮБ-ын суурин төлөөлөгч нар Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хугацаагаар хамгаалахдаа ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг, цаашид тэдэнд ямар туслалцаа хэрэгтэй байгаа, НҮБ-ын ХАС, Хүүхдийн сангаас энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажиллавал зүйтэй вэ гэдэг дээр холбогдох албаны хүмүүстэй санал бодлоо солилцсон юм.

   Түр хамгаалах байр нь 12 өрөөтэй бөгөөд үйлчлүүлж буй иргэдийн нас, хүйс, онцлогоос хамааран өөр өөр өрөөнд байрлуулдаг байна. 

Холбоотой мэдээ