Залуучуудын ДАШТ-нээс Б.Энхзул мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2021-08-20 07:53:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын ДАШТ ОХУ-ын Уфа хотод 4 дэх өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Батбаатарын Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. 

Тэрбээр өчигдөр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польш улсын Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан юм. Тэгвэл өчигдөр шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдсанаар үзүүрлэв. 





Мөн 2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жингийн шөвгийн наймд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар дагах барилдаан хийхээр болж, АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг тус тус ялснаар шагналын тавцанд зогслоо. Ийнхүү Чөлөөт бөхийн охид ДАШТ-ээс хоёр медаль хүртлээ.




Холбоотой мэдээ