Угалз агнах тусгай зөвшөөрлийн тоо анх удаа гурван оронтой тоонд шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-18 18:38:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Угалз агнуурын асуудлаар Аргаль хамгаалах сангийн тэргүүн, судлаач агнуур зүйч доктор С.Амгаланбаатар, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.


Тусгай зориулалтаар 2018 онд угалз 60, 2019 онд 86 угалз тус тус агнуулах тогтоолыг Засгийн газраас гаргасан байна.


Харин 2000 оноос хойш угалз агнах тусгай зөвшөөрлийн тоо энэ жил анх удаа гурван оронтой тоонд хүрч байна.

 



Энэ талаар Судлаач агнуур зүйч доктор С.Амгаланбаатар хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Монголчууд ан агнуурын олон жилийн уламжлал, өв соёлтой. Гэтэл сүүлийн үед ашиг хонжоо олох, амьтны амиар зугаа хийх зэргээс үүдэн уламжлалт өв соёл маань алдагдаад байна. Ан амьтан нөхөн сэргээгдэх баялаг. Гэсэн хэдий ч зүй зохистой ашиглах, хамгаалах асуудалд маш анхааралтай хандах ёстой. Ялангуяа ховор амьтныг тусгай зориулалтаар агнах үйл ажиллагааг ярих хэрэгтэй.

1967-2020 онд гэхэд 3 200 угалзыг хамгийн том эвэртэйгээс нь сорчлон агнаж ирсэн байдаг. Гэтэл энэ нь зөвхөн арилжааны чиглэлээр байсан учраас тухайн жилд нэг угалзыг хамгааллын зориулалтаар агнах асуудлыг БОАЖЯ-нд тавьж, зөвшөөрөл авсан.

Гэсэн ч КОВИД-19 халдварын нөхцөл байдлын улмаас төсөл хэрэгжээгүй. Тус төслийг Монголын иргэний нийгмийн байгууллагууд санаачлаад Америкийн байгаль хамгаалах сангаас санхүүжилт хийж, техник хэрэгслээр хангах, аргаль хамгаалах талаар сургалт авах, түүндээ нутгийн иргэдийг хамруулах гэх мэт асуудал яригдаад байсан.

Энэ онд бид уг хамгаалын зөвшөөрлийг хэрэгжүүлэхээр Баян-Өлгий, Увс аймгуудын Засаг дарга нарт хандахад Увс аймгийн Засаг дарга зөвшөөрсөн бөгөөд энэ сэдвээр талуудын оролцоотой хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Ингээд хууль, журмын дагуу дээрх төслийг хэрэгжүүлэх гэж байсан ч БОАЖ-ын сайд зөвшөөрөл олгоогүйгээс үүдэн төсөл зогсоход хүрээд байна.

Агнуур судлалын салбарт залуу халааг бэлтгэж байгаа багшийн хувьд, зөвхөн энэ асуудлаар 40 жилийн турш судалгаа хийсэн судлаачийн хувьд цаашид ч аргалийн ашиглалтыг хууль эрх зүйн хүрээнд зүй зохистой байлгах асуудалд дуу хоолойгоо гаргасаар байх болно" гэв.


Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ