Ажлын байрыг дэмжих зээлд 24 мянга орчим зээлдэгч хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-18 16:30:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөрт өнөөдрийн байдлаар, 23 754 зээлдэгч хамрагдаад байна. 


Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулах үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна.


2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар, нийт 6 тэрбум 324.3 сая төгрөгийн 62 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс нэг тэрбум 794.4 сая төгрөгийг олгоод байгаа аж.

Холбоотой мэдээ