Монгол дайчид бэлтгэлээ чамбайруулсаар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид энэ сарын 11-нд ОХУ-д очсон.
Энэ жилийн тэмцээнд ОХУ, Монгол, Казахстан, Узбекстан Улсын
цэргийн алба хаагчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорих бөгөөд өнгөрсөн бямба
гарагт Монгол, Казакстан, Узбекстан Улсын цэргийн алба хаагчид унах морьдоо
сугалсан байна. Харин ОХУ-ын баг тамирчид энэ удаагийн сугалаанд оролцолгүй
өөрсдийн морьдтой тэмцээнд оролцох аж.
Сугалааны оноолтоор манай улсын багт тоомсог голдуу морьд таарсан бөгөөд тэдний дунд ганц монгол халиун морь таарсныг “Хөөрхөн халиун” хэмээн нэрлэсэн байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид бэлтгэл сургуулилтаа бүрэн хангасан хэдий ч гаднын мориор танихгүй газар оронд уралдахад хүндрэлтэй тул үлдсэн 10 гаруй хоногийн хугацаанд морьдтойгоо дотносох, ижилсэх, морьдоо маллах зэрэг ажлуудад оржээ. Түүнчлэн цэргийн авторалли тэмцээнд оролцох баг нэгдүгээр сугалааг сугалсан бөгөөд машин техникээ хүлээн авч, тэмцээний бэлтгэлээ хангаж эхлээд байна.
Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын Материал
техникийн газрын орлогч дарга, техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц. Төрмөнх,
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ЗХЖШ-ын Сургалтын бодлого зохицуулалтын
хэлтсийн ахлах мэргэжилтэн, биеийн тамир спортын тасгийн дарга, хурандаа Д.
Цог-Эрдэнэ нар багтаж байгаа юм.
Ташрамд сонирхуулахад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн
алба хаагчид Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Төв цэргийн тойргийн
ерөнхий цэргийн 41 дүгээр армийн 55 дугаар мотобуудлагын уулын бригадад
байрлаж байгаа юм. Тамирчдыг ЗХЖШ-ын АУГ-ын
дарга, бригадын генерал С.Дашзэвэг ахалж яваа бөгөөд тэрээр баг тамирчдынхаа
бэлтгэл сургуулилтад байнгын хяналт тавихаас гадна удирдлагын зүгээс үзүүлэх
бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.