Увсад саналын хуудас дутагдаж, нэмж хэвлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-29 19:03:09

Увс аймгийн ихэнх хэсгийн хороодод саналын хуудас дутагдаж байгаа тул СЕХ-ноос өгсөн зааврын дагуу сумын төвийн Сонгуулийн хороодод саналын хуудсыг олшруулан санал авах байрдад хүргэж эхэлсэн байна. Эдгээр саналын хуудсыг зөөврийн хайрцгаар авч, сонгуулийн дүнг гаргахдаа гараар тоолж нэгтгэх юм байна.

Сонгогчдод мөнгө тараасан байж болзошгүй гэсэн зөрчлүүд мэр сэр гарч байгаа бөгөөд энэ тал дээр холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгалт явуулж байна.

Увс аймгийн ихэнх нутгаар өчигдрөөс эхлэн шиврээ бороо орж, аймгийн Онцгой байдлын албанаас гол устай газруудад харуул гарган ажиллуулж байна.

Түргэн сумын Баянхайрхан баг дээр утасны сүлжээ муу барьж байгаагаас үүдэн тэр хэсгийн хорооны мэдээ 5-10 минутаар хоцорч ирж байгаа аж.

Увс аймгийн хэмжээнд энэ удаагийн сонгуулиар таван намын 9 нэр дэвшигч УИХ-д, хоёр намын 81 нэр дэвшигч, хоёр бие даагчийн хамтаар аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна.

Орон нутгийн 16 цагийн байдлаар 52467 сонгогчоос 35837 сонгогч буюу 68,3 хувь нь сонгуульд саналаа өгчээ. Орон нутгийн 21 цагт сонгуулийн ирцийн сүүлчийн мэдээ гарах бөгөөд энэ удаагийн сонгуульд Увсчууд өндөр ирцтэй хамрагдах төлөвтэй байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ