Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлагаас хуваалцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ олон улсын цахим симпозиум энэ сарын 12-13-нд зохион байгуулагдаж байна.
Одоогоор дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа аж. Тэдний төлөөлөл болох Чили улс дахь “Коделкогийн Эл Тэниентэ” зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь “Фрийпорт” компанийн “Хендерсон” молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн /өмнө нь Дэ Бийрс Даймондс Майнз эзэмшиж байсан/ очир-эрдэнийн “Калинан” уурхайн мэргэжилтнүүд симпозиумд илтгэл тавьж, туршлагаа хуваалцана.
Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач нар илтгэл тавихаас гадна “Рио Тинто”, “Оюутолгой” компанийн төлөөлөл “Оюутолгой”-н гүний уурхайн блоклон олборлох технологийн талаар танилцуулах юм. ШУТИС-иас зохион байгуулж буй симпиозумын нээлтэд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ШУТИС-ийн ректор, доктор профессор Б.Очирбат, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд үг хэлнэ.