Алжирт ойн түймрийн улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-08-11 12:36:40

АЛЖИР. /France24/. Алжирын нийслэл Алжир хотын зүүн хэсэгт дэгдээд буй ойн түймрийн улмаас 25 цэрэг, 17 иргэн амиа алдлаа гэж тус улсын Ерөнхий сайд Аймен Бенабдеррахман мягмар гарагт мэдэгджээ.


Мөн Кабилиа бүсэд ойн түймэртэй тэмцэж буй олон цэрэг гэмтсэн байна. Алжирт мягмар, лхагва гарагт агаарын температур цельсийн 46 хэмд хүрч халахыг холбогдох албанаас анхааруулаад байжээ.


Сүүлийн өдрүүдэд Турк, Грек, Ливан, Кипр зэрэг Газар дундын тэнгисийн хэд хэдэн оронд ойн түймрийн аюул нүүрлээд байгаа юм.


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цаг уур халуун, хуурай болох эрсдэл нэмэгдэж буй нь ойн түймэр дэгдэх аюулыг нэмэгдүүлж буй бололтой байна.


Дэлхийн агаарын температур аж үйлдвэрийн эрин эхэлснээс хойш хэдийнээ цельсийн 1.2 хэмээр халаад буй бөгөөд улс орнуудын Засгийн газрууд хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол цаашид улам нэмэгдэх юм.


Алжирын 17 муж даяар 100 гаруй түймэр дэгдээд байгааг тус улсын APS” мэдээллийн агентлаг мягмар гаргийн орой мэдээлжээ.


Ерөнхийлөгч Абдельмажид Теббон амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлээд, тэд уулархаг бүсүүдээс 100 гаруй хүний амь насыг аварсныг онцлон тэмдэглэжээ. Дотоод хэргийн сайд Камель Бельжудын мэдээлснээр, 50 орчим түймрийн шалтгаан "гэмт хэргийн шинжтэй" байна.


Энэ долоо хоногийн эхээр НҮБ-ын танилцуулсан шинжлэх ухааны томоохон тайланд дурдсанаар, хүний буруутай үйл ажиллагаа уур амьсгалыг урьд хожид байгаагүйгээр, зарим тохиолдолд эргэлт буцалтгүйгээр өөрчилж буйг тогтоожээ.


Мөн энэхүү судалгаанд хэт халах, ган гачиг, үерийн гамшиг нүүрлэх эрсдэл улам нэмэгдэж буйг анхааруулаад, дээд хязгаар болгон тогтоосон агаарын температур ойрын 10 жилд эвдэгдэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ. Гэвч дэлхий дахин хариу арга хэмжээнүүдийг хурдан хэрэгжүүлж чадвал түүнээс зайлсхийх боломжтой хэвээр байгаа ажээ.  

Холбоотой мэдээ