Хэнтий аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Чингис хотод барьсан Цэвэрлэх байгууламжийн барилгыг өчигдөр хүлээлгэн өгч ашиглалтад орлоо.
АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймагт Цэвэрлэх байгууламж барих ажил хийгдэж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд Хэнтий аймагт барьсан цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний байгууламж бөгөөд, цэвэрлэсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах боломжтой. Цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөлийг мөн бүрдүүлжээ.
Орон нутагт анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа онцлогтой. Эдгээр байгууламжыг барьж ашиглалтад хүлээлгэн өгч буй нь цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болж буйг албаныхан онцолж байна.
Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн ажлыг цаашид авч явах “Хэнтий-Ус” ХХК нь 20-25 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулаад байна. Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэх ажил нэг жилийн хугацаанд хийгдэх аж.
Цэвэрлэх байгууламжийн барилга угсрах ажлын гүйцэтгэгчээр “Комфорт Импэкс” ХХК ажиллажээ. Тус компани нь 2019 оны наймдугаар сарын 30-нд гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа, чанартай гүйцэтгэснийг албаныхан тэмдэглэж байна.