Монгол Улс, БНСУ-ын хооронд зуны нислэгийн багтаамжийг 2 дахин нэмэгдүүлэхээр тохиров
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу 2 орны хоорондын агаарын харилцааны талаарх ээлжит уулзалт, хэлэлцээр Сөүл хотноо энэ сарын 2-3-нд болов.
Хэлэлцээг Монгол Улсын талаас ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Өмнөд Солонгос улсын талаас БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Нисэхийн бодлогын газрын дарга Юүн Жин Ван нар ахлав. Хоёр тал, тус тусын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор нислэгийн үйл ажиллагаанд гарч буй үйл ажиллагаа, хуваарьт нислэгийг сэргээх, халдвар илэрсэн тохиолдолд авах нислэгийн зохицуулалтын талаар санал солилцон, тохиролцож, уулзалтын дүнгээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Тодруулбал, УБ-Сөүлийн чиглэлд 2 талаас томилсон агаарын тээвэрлэгчид /Монголын талаас “МИАТ” ТӨХК, БНУС-ын талаас "Кореан Эйр", "Асиана" компани/ Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны 2022 оны зуны цагийн хуваариас эхлэн 6-9 дүгээр сард 7 хоногийн 5000 суудлын багтаамжид Монголын тал 20, Солонгосын тал 18 удаагийн нислэг гүйцэтгэхээр, 5-10 дугаар сард 2500 суудлын багтаамж буюу 7 хоногт Монголын тал 11, Солонгосын тал 9 нислэг гүйцэтгэх одоогийн тохиролцоог хэвээр хадгалахаар тохиров.
Өнөөгийн байдлаар БНСУ-ын нутаг дэвсгэр дээр Сөүл, Бусан нислэгийн цэгийг тохирсон байгаа бөгөөд Монголын талаас аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг нэмж тохирох хүсэлтээ илэрхийлснийг БНСУ-ын тал судалж, дараагийн уулзалтаар ярилцахаар тогтлоо. Мөн Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан БНСУ-ын Газар, дэд бүтэц тээврийн яамнаас тус нисэх буудалд аюулгүй ажиллагааны аудит шалгалт хийх таллаар санал солилцож, халдвар хамгааллын дэглэмтэй уялдуулж аль болох ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр болов.
УБ-Сөүлийн чиглэлд гүйцэтгэж буй “МИАТ” ТӨХК-ийн нислэгийг хуваарьт нислэгийн журмаар Солонгосын тал хүлээн авснаар Ковид-19-ийн халдвартай зорчигч илэрсэн тохиолдолд нислэгийг зогсоохгүйгээр онгоцны суудал дүүргэлтийг 60 хувь байхаар бууруулж, төлөвлөсөн нислэгийг гүйцэтгэхээр тохирсон. Хуваарьт нислэгийг сэргээх талаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд БНСУ-ын Газар, дэд бүтэц тээврийн яамнаас аюулгүй ажиллагааны аудит шалгалт хийж, хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ олгох, Солонгосын талын халдвар хамгааллын дэглэм, Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан зохицуулах юм.
Одоогийн нөхцөлд нэг нислэгт 3 болон түүнээс дээш тооны Ковид-19-ийн халдвартай зорчигч илэрсэн тохиолдолд тухайн улсаас ирэх нислэгийг 7 хоног түр зогсоож, энэ хугацаанаас хойш дараагийн нислэгийн хүсэлтийг хүлээн авч, хянан зөвшөөрөл олгож байгаа. Энэ нь нислэгийг 13 -14 хоног саатуулах нөхцөл үүсгэж, гадаад улс оронд суурьшиж буй иргэдийг эх орондоо ирэх, явахад хүндрэл учруулж байгаа байдлыг даруй шийдвэрлэх хүсэлтийг Монголын тал гаргасны хариуд Солонгосын талаас хуваарьт нислэгийг сэргээх, эхлүүлэх талаар идэвх чармайлт гаргаж, эрүүл мэндийн хяналтын байгууллагуудтайгаа зөвлөлдөн ажиллахаар тохиролцов.
Энэ удаагийн хэлэлцээгээр зуны нислэгийн багтаамжийг 2 дахин нэмэгдүүлэн тохирсноор Инчеон нисэх буудлын цагийн хуваарьтай холбоотой “МИАТ” ТӨХК-д нэмэлт нислэгийн зөвшөөрлийг сар сараар олгодог байсан хүндрэлийг арилгаж, зуны оргил ачааллын үеийн суудал нийлүүлэлт 7 хоногт хоёр тал нийлээд 10000 суудал буюу нийт 38 нислэг болж, хуваарьт нислэгийг эрт төлөвлөн гүйцэтгэх боломж бүрдлээ. Нислэгийн тоо, суудлын нийлүүлэлт нэмэгдсэнээр оргил ачааллын үед суудлын хомсдол үүсэх, тариф өсдөг гэсэн сөрөг үр дагаврыг арилгах бөгөөд аялал жуулчлалыг дэмжих Монгол Улсын Засгийн газрын бодлогод нийцсэн агаарын харилцааны зохицуулалт бүрдэж байна.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг 1991 оны 10 дугаар сарын 23-нд байгуулж байв.