“Тавантолгой”-н нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-06 15:39:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тавантолгой”-н нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад албан ёсоор шилжүүлэх үйл ажиллагаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд боллоо.


Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын хоёрны 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Тавантолгой” нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэ дагуу Дотоодын цэргийн албан хаагч бүхий тусгай салбар байгуулж, өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд харуул хамгаалалтаа эхлүүллээ.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайг гэрээт хамгаалалтад авах ажлын хэсгийн ахлагч, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж,  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж амьдарч буй иргэд, уурхайчид, тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах ажлыг мэргэжлийн байгууллагаар буюу дотоодын цэргийн албан хаагчдаар гүйцэтгүүлэх боломж бүрдэж байгаа”-г энэ үеэр дурдав.


Мөн нүүрс тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих аж.


“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7, улсын төсвийн татварын орлогын 8, нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй 350 га газарт өдөрт дунджаар 2600 орчим ажилтан албан хаагч ажиллаж, нүүрс тээврийн 1000 орчим машин уурхайн бүс рүү нэвтэрдэг. 



Холбоотой мэдээ