Монгол-Румын хэлний анхны толь бичгийн нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-04 19:58:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Румын  хэлний толь бичгийн нээлт өнөөдөр МУИС-д боллоо. Монгол-Румын хэлний анхны, энэхүү толь бичгийг кирилл болон монгол бичгээр хадаж өгснөөрөө онцлог аж.


Тус номын нээлтэд МУИС-ийн удирдлагууд, Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, монгол хэл бичгийн эрдэмтэн судлаачид, багш нар оролцлоо.


Уг толь бичгийг бүтээсэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа анхны суурин Элчин сайд, Траян Лауренцю Христеа номыг нээж хэлэхдээ, “Би МУИС-ийн монгол хэл бичиг судлалын ангийг 1995 онд төгссөн. Тухайн үед монгол-румын хэлний толь бичиг сэдвээр дипломын ажлаа хийж байлаа. Анхандаа их амархнаар төсөөлж байсан боловч тийм хялбар байгаагүй. Тэр цагаас хойш бичигдэж өнөөдөр ийнхүү бэлэн боллоо. Мөн Монгол, Румын хоёр улс эдийн засаг, соёл шинжлэх ухааны талаар олон жилийн түүхэн харилцаатай явж ирсэн бөгөөд одоо ч энэ харилцаа улам өргөжин олон салбарыг хамрах чиг хандлагатай болж байна. Миний бие МУИС-д 5 жил суралцаж, Монголын аж амьдрал, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны байдалтай боломжийн хэрээр танилцах завшаан тохиосон.


Энэхүү толь бичиг маань монгол хэл үзэж судлах румын хүн, бас румын хэл үзэж судлах монгол хэлтэнд жаахан ч атугай тус нэмэр болно хэмээн санана” гэлээ.


Монгол Улсын Гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Баянсан, “Толь бичиг зохионо гэдэг нь маш нүсэр ажил бөгөөд тийм ч амархан бүтдэг зүйл биш. Өнгөц бодоход хоёр өөр орны хэлийг үг, утга тааруулаад хийхэд болох мэт боловч хэлний толь бичиг гэдэг нь зөвхөн хэл, яриа төдийгүй тухайн хэлтнүүдийн соёл, сэтгэлгээг хамруулан судалж бүтээдэг чухал бүтээл юм. Энэхүү толь бичиг монгол, румыны хэл, соёлын солилцоо, хамтын ажиллагаа төдийгүй Монгол дахь Европ судлал, тэр дундаа румын судлал, Европ-Румын дахь монгол судлалыг хөгжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв.


Энэхүү толь бичигт 5000 орчим толгой үг, орчин цагт хэрэглэдэг өгүүлбэрээр жишээ авч тайлбарласан байна. Уг толь бичгийг зохиохдоо өнөө үед нийтэд өргөн дэлгэр хэрэглэгддэг орчин цагийн монгол хэлний тайлбар толь болон орчуулгын тулгуур толь бичгүүдийг үндэс болгосон байна.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ