Залуу уран бүтээлчид “Өглөөний гудамж”-нд үзэсгэлэнгээ дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-08-02 17:05:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд нээгээд буй "Өглөөний гудамж"-нд өнөөдөр залуу уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргав. Зураач, зохиолч, хүүхэлдэй урлаач Ч.Солонгын “MOTHER” нэртэй зөөлөн баримлын, гэрэл зурагчин Л.Мягмарцэрэн байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ тус тус дэлгэлээ. 

Ч.Солонгын бүтээлүүд Монголын уламжлалт хээ угалз, дүрс бэлгэдлийг шингээсэн, ихэвчлэн байгаль дэлхийг дүрсэлж буйгаараа онцлог, шинэлэг аж. Хамгийн их ажиллагаатай, том бүтээл нь “Тэдний ээж” нэртэй зөөлөн баримал юм.  Мөн монгол, казах болон бусад угсаатны хувцас хэрэглэлийг хослуулан шингээсэн нийт 21 төрлийн хүүхэлдэй болон цэцэг, солонго, салхи зэрэг байгалийг дүрсэлсэн бүтээлээ дэлгэж “Өглөөний гудамж”-нд өнгө нэмжээ.




Тэрээр үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулж хэлэхдээ,  “Эрт үеэс хүн төрөлхтөн тэнгэр болон газар, байгальтай салшгүй шүтэлцээтэй явж ирсэн. Ялангуяа дорнын улс орнууд байгалийн үзэгдэл, элементийг бэлгэдэл хэлбэрээр өв соёл, дүрслэх болон ардын урлагтаа шингээн өдийг хүрчээ. Энэ дотроо манай улс байгалийг амьтай хэмээн итгэн, амьд сүнслэг хэлбэрээр нь дээдлэн хүндэтгэж эзэн савдагтайгаа харьцах ухаан, түүнийг хайрлах ёс нь бидэнд байгальтай зөв харилцах ухааныг өвлүүлэн үлдээсэн. 



Байгалийг байгаагаар нь байлгах, түүний гайхам төрхийг үр хойчдоо сайхан хэвээр өвлүүлэн үлдээхийг сануулсан. Бүтээлээ амьд байгаль, түүнийг дотооддоо мэдэрч амьд чигт нь үлдээгээсэй гэсэн хүслээс эхтэйгээр илэрхийлсэн юм. Дүр бүрдээ байгалийн зөөлөн, амгалан, хайр татам байдлыг өөрийнхөөрөө бүтээх гэж хичээсэн. Монголын уламжлалт бэлгэдэл бүхий байгалийн илэрхийлэмжийн дүрслэлийг, мөн амьтай хэмээн хүндэтгэн дээдлэх ёсыг нь орчин үеийн урлагийн төрөл болох зөөлөн баримлын төрлөөр бүтээсэн. Хүн байгалийг өөртэйгээ ижил хайрлаасай гэж бодоод хүмүүст мэдрүүлэхийг зорьж байна. Үзэсгэлэнгийн танхимыг бодвол орчин нь байгальтайгаа илүү ойрхон, амьд болж байгаа учраас, бас олон хүн үзнэ гэсэн үүднээс "Өглөөний гудамж"-нд үзэсгэлэнгээ гаргаж байна” гэв.




Гэрэл зурагчин Л.Мягмарцэрэн энд дэлгэсэн “Байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн”-дээ Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий, Увс, Завхан зэрэг аймгийн, Монголын үзэсгэлэнт газруудын 15 гэрэл зургийг дэлгэжээ. Тэрээр, “Манай орны байгаль маш гоё, үзэх юм ихтэй учраас Монголоороо аялж, Монгол хүн болж төрснөөрөө бахархаж яваарай гэсэн зорилгоор үзэсгэлэнгээ гаргаж байна. 

Анх 2014 онд Хөвсгөл далайг нар зөв, бүтэн тойрч байхдаа гэрэл зураг авч эхэлсэн. Энэ жил Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богд уулын зургийг авсан. Аав маань зурагчин хүн. Ер нь зураг дарах нь миний сонирхол. Анх гэрэл зурагчин Ган-Өлзий ахаас суралцсан. Байгалийн гэрэл зураг буулгаж байх агшинд хүндрэл бэрхшээл гардаг, бас олон чадварт суралцаж, багагүй хөдөлмөрлөж байж зураг авдаг учраас хүмүүс үүнийг ойлгодог байгаасай” гэв.



Р.Батхишиг

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ