Тунисын Ерөнхийлөгчийг төрийн эргэлт хийсэн хэмээн буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-07-27 14:31:03

ТУНИС. /BBC/. Тунисын Ерөнхийлөгч Кайс Сайед Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, парламентын үйл ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан тус улсын улс төрийн гол намууд түүнийг төрийн эргэлт хийсэн хэмээн буруутгажээ.


Харин Тунисын Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргасан гэдгээ мэдэгджээ. Цар тахал, эдийн засаг, нийгмийн хямралыг зохицуулах чиглэлд авч хэрэгжүүлж буй Засгийн газрын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал ням гарагт болсны дараа тэрбээр ийнхүү шийдвэрлэсэн юм.


“Ерөнхийлөгч хэнийг ч томилсон миний бие түүнд эрх мэдлээ шилжүүлэн өгөх болно” гэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ерөнхий сайд Хичем Мечичи даваа гаргийн орой мэдэгджээ. Олон улсын зүгээс нөхцөл байдлыг тайван замаар шийдэхийг уриалж буй үед тэрбээр ийнхүү хэлсэн байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гарагт Тунисын Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ нээлттэй яриа хэлэлцээг улс төрийн бүх хүчин болон Тунисын ард түмэнтэй өрнүүлэхийг уриалжээ.


Мөн НҮБ “бүх маргааныг яриа хэлэлцээний замаар шийдэх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн бол Европын Холбоо хууль тогтоомжийг хүндэтгэж, хүч хэрэглэхээс зайлсхийхийг бүх талд уриалсан байна. Түүнчлэн Арабын Лиг, ОХУ, Катар ийм мэдэгдэл гаргажээ.


К.Сайедын дэмжигчид, эсэргүүцэгчдийн мөргөлдөөн даваа гарагт нийслэл Тунис хотод үргэлжилжээ. Тэд цэргүүдийн хамгаалж буй хууль тогтоох байгууллагын байрны гадна бие бие рүүгээ чулуу шидсэн байна.


2019 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон К.Сайед нь бие даан нэр дэвшигч бөгөөд тэрбээр парламент дахь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй намын дэмжлэг бүхий Х.Мечичитэй урт хугацааны турш санал зөрөлдсөөр иржээ. Ерөнхийлөгч мөн Батлан хамгаалах, Хууль зүйн сайд нарыг үүргээс нь чөлөөлжээ.


Тунист 2011 онд болсон хувьсгалыг бүс нутаг даяар өрнөсөн Арабын хавар эсэргүүцлийн ажиллагааны гол амжилт хэмээн зарим тохиолдолд үздэг боловч энэ нь эдийн засаг, улс төрийн хувьд тогтвортой байдлыг цогцлоож чадаагүй байна.


Саяхнаас улсын хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болсон нь олон нийтийн дургүйцлийг өдөөжээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. 

Холбоотой мэдээ