БНХАУ, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нар хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-07-27 10:14:01

УЛААНБААТАР. /Xinhua/. Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө, Монгол Улсын Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар даваа гарагт уулзаж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо.


БНХАУ, Монгол Улс уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хамтын оролцоотой ирээдүйг цогцлоон бүтээхийн төлөөх үйл хэрэг улам бүр гүнзгийрсээр ирсэн гэж Вэй Фөнхө уулзалтын үеэр хэлжээ.


COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш хоёр орон хүнд хэцүүг даван туулахын тулд бие биенээ дэмжин хамтран ажилласаар ирсэн нь цар тахлын эсрэг хөрш орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, үймсэн дэлхийд эерэг эрчийг түгээж байна гэдгийг тэрбээр онцлон хэлэв.


Цаашид талууд бие биеийн үндсэн ашиг сонирхол, тулгамдсан асуудлуудад бие биенээ үргэлжлүүлэн тууштай дэмжиж, бүс нутгийн асуудалд гадны хүчнүүд хөндлөнгөөс оролцохын эсрэг өндөр сонор сэрэмжээ хадгалж, бүс нутгийн аюулгүй хийгээд тогтвортой байдлыг хамтран сахин хамгаалах хэрэгтэй хэмээн нэмж хэлсэн байна.


Тэрбээр үргэлжлүүлэн, Хятадын цэргийнхэн хоёр орны удирдагчдын хүрсэн ач холбогдолтой тохиролцоог хэрэгжүүлж, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд илүү их хувь нэмэр оруулахын төлөө Монголын талтай хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.


Г.Сайханбаяр үүний хариуд, Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.


Мөн БНХАУ-ыг бүх талаар хөгжин цэцэглэсэн нийгмийг цогцлоохын сацуу олон гайхалтай ололт амжилтад хүрч буйг манай улс өндрөөр үнэлж байгаагийн зэрэгцээ цар тахалтай тэмцэх, худалдааг нэмэгдүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлсэнд талархаж буйг илэрхийлсэн байна.


Монгол Улс БНХАУ-тай өрнүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг салбарт бодит хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй хөгжүүлж, бүс нутгийн асуудлаар БНХАУ-тай харилцаа холбоо, уялдаа холбоогоо бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гаргах болно гэж Г.Сайханбаяр нэмж хэлжээ.


Мөн даваа гарагт Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар Вэй Фөнхөтэй Улаанбаатар хотноо уулзав. 

Холбоотой мэдээ