Цар тахлын үед 3.4 сая иргэнд 1010.5 их наяд төгрөгийн мөнгөн дэмжлэг олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-24 09:53:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны хагас жилд 1679.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 443.2 (35.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 411.8 (46.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Мөн өнгөрсөн 6 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 426.6 тэрбум, зарлага 417.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 172.6 (68 хувь) тэрбум, зарлага 135.9 (48.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ оны эхний хагас жилд 1718.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 359.1 (26.4 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 75.6 (7.1 хувь) тэрбум, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 250.7 (7.6 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.


Ажилгүйдлийн даатгалын сангаас дээрх хугацаанд 12216 хүнд 27.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 1594 (15 хувь) хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 1221.6 (4.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Нийгмийн даатгалын сангаас мөн хугацаанд 456.2 мянган хүн тэтгэвэр авсны 76.1 хувь нь өндөр насны тэтгэвэр авагч, 15.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагч, 8.6 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байв.


Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний хагас жилд 2.3 (давхардсан тоогоор) сая хүнд 1002.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 56.7 (2.5 хувь) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 364 (57 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Засгийн газраас цар тахлын үед иргэдэд мөнгөн дэмжлэг олгох тухай тогтоолын дагуу энэ оны 6 дугаар сарын байдлаар 3.4 сая иргэнд 1010.5 их наяд төгрөгийн мөнгөн дэмжлэг олгожээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 46.8 (4 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 344.8 тэрбум (90.9 хувь) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2021 оны эхний хагас жилд 57.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (3.8 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 22.3 (32 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 25.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн аж.


Нийгмийн халамжийн тэтгэмжид дээрх хугацаанд 106.6 мянган хүн хамрагдсаны 54.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 45.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдав. Нийгмийн халамжийн тэтгэмжид мөн хугацаанд 51.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 723.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилд олгосныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Холбоотой мэдээ