Аймгийн хэмжээнд 12-оос дээш насны 9125 хүүхэд дархлаажуулалтад хамрагдана

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-07-23 15:52:43

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны байдлаар “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдалт аймгийн хэмжээнд хэдэн хувьтай байгаа талаар аймгийн ЭМГ-ын Дархлаажуулалт хариуцсан бага эмч З.Сайнзаяагаас тодрууллаа.

“Аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтад 12-оос дээш насны 60408 иргэн хамрагдахаас өнөөдрийн байдлаар эхний тунд 47272 хүн буюу 78,3 хувь нь, хоёр дахь тунд 39905 хүн буюу 66,2 хувь нь хамрагдаад байна.

Мөн 12-17 насны 9125 хүүхэд дархлаажуулалтад хамрагдахаас 5824 хүүхэд эхний тунд хамрагдсан нь 63,8 хувьтай, хоёр дахь тунд 1930 хүүхэд хамрагдсан нь 21,1 хувьтай байна. Вакцины ханган нийлүүлэлттэй холбоотойгоор файзер вакцины эхний тунгийн хамрагдалт түр хугацаагаар зогссон. Гэвч энэ сарын 20-ноос хангалт ирж 12-17 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн файзер вакцины 1, 2-р тунг хэвийн хийж байна.

Улаангом сумын хэмжээнд 4 цэгээр өдөр бүр 8.00-17.00 цагийн хооронд вакцинжуулалт хийж байна. “Бат-Үржихүй" Өрхийн эрүүл мэндийн төв “Нархан” 3-р цэцэрлэгт, “Дунцагаан” Өрхийн эрүүл мэндийн төв Цогцолбор 2-р сургуулийн зааланд, “Мөнхбишрэлт” Өрхийн эрүүл мэндийн төв 12-р багийн төвд, “Элбэг өгөөж” Өрхийн эрүүл мэндийн төв Улаангом сумын 10-р багийн төв дээр тус тус дархлаажуулалт хийж байна.

Вакцины эхний тунгаа аваад 21-ээс дээш хоносон хүмүүс 2 дахь тундаа цаг алдалгүй хамрагдах шаардлагатай. Увс аймгийн хэмжээнд эхний тунгаа аваад 21-ээс дээш хоносон 5700 орчим хүн байна. Эдгээр иргэдийн ихэнх нь 18-34 насныхан байна” хэмээн аймгийн ЭМГ-ын Дархлаажуулалт хариуцсан бага эмч З.Сайнзаяа хэллээ.

                                  

Холбоотой мэдээ