АЗЕРТАК агентлагаас МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 11:32:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Азербайжан Улсын АЗЕРТАК агентлагийн Удирдах зөвлөлийн дарга, ноён Аслан Асланов баярын мэндчилгээ дэвшүүллээ. 



Хатагтай Б.Ганчимэг танаа

Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан мэдээллийн АЗЕРТАК агентлагийн ажилтнууд болон өөрийн нэрийн өмнөөс танд болон танай хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж байна.


Монгол Улсын ууган бөгөөд тэргүүлэх мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн зуун жилийн хугацаанд явуулсан үйл ажиллагаа нь танай улсын бүх хүрээг хамарсан түүхийн тэмдэглэл юм. Тус агентлаг нь итгэлтэй алхмууд, шинэ сорилтуудын хариу болгон хэрэгжүүлсэн тууштай арга хэмжээ болон найдвартай түнш хэмээх нэр хүндээрээ дэлхийн мэдээллийн ертөнцөд зохих байр сууриа олж авсан. Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага /ОАНА/ дахь танай агентлагийн үйл ажиллагаа энэ чиглэлдээ үлгэр жишээ болдог. Энэхүү байгууллагын хөгжилд МОНЦАМЭ агентлаг нь хамгийн ахмад гишүүний хувьд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаагийн сацуу ОАНА-гийн хамгийн идэвхтэй гишүүдийн нэг байсаар байна.


Мөн МОНЦАМЭ агентлаг нь АЗЕРТАК агентлагийн чухал түнш юм. Манай агентлагууд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалсаар ирсэн бөгөөд ОАНА тэргүүтэй олон улсын хэвлэл мэдээллийн бусад байгууллагын үйл ажиллагааны хүрээнд бие биенээ урт хугацааны турш дэмжсээр ирсэн. Мэдээллийн салбар дахь бидний нягт түншлэл нь хоёр орны найрсаг хийгээд ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэх, хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулна гэдэгт миний бие итгэлтэй байна. АЗЕРТАК агентлагийн ажилтнуудын хувьд МОНЦАМЭ агентлагтай үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлж буйдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд цаашид энэхүү харилцаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна.


Танд ойн баярын мэндийг дахин дэвшүүлье. Мөн танд болон МОНЦАМЭ агентлагийн албан хаагчдад эрүүл энхийг, хоёрдугаар зуун жилээ угтах гэж буй танай агентлагт өндөр амжилт хүсье. 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Холбоотой мэдээ