Олимпод оролцох тамирчид Японд ирсээр байна

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-07-18 10:49:01

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадамд оролцох тамирчид, төлөөлөгчид дэлхийн өнцөг булан бүрээс Японыг зорин ирж байна. Энэхүү наадам ирэх долоо хоногийн баасан гарагт эхэлнэ.


Нидерланд, Энэтхэг зэрэг бусад орноос 100 гаруй төлөөлөгчийг тээвэрлэсэн нисэх онгоц Токио хотын ойролцоох Нарита нисэх буудалд бямба гарагт газарджээ. Олимпын наадмыг зорин ирж буй зорчигчдоос бусад аялагчийг буух хүртэл онгоцны бүхээгээс гарахгүй байхыг хүсэж байгаа юм.


Үүний дараа тэднээс коронавирусний шинжилгээ авах бөгөөд хариу нь сөрөг гарсан хүмүүс Токио дахь тамирчдын хотхон болон бэлтгэлийн газруудыг зорих боломжтой болно. Ийнхүү ирж буй хүмүүсийн тоо ойрын өдрүүдэд хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрэх төлөвтэй байна.


Харин нийслэл хотод болон хотын орчимд амьдардаг жолооч нар даваа гаргаас эхлэн зам тээврийн хатуу зохицуулалтыг мөрдөх шаардлагатай болно. Цагдаа нарын мэдээснээр, ийм хязгаарлалтыг тэмцээн болох газруудад дагаж мөрдүүлнэ. Үүнд Токио болон Чиба, Сайтама, Канагава муж багтах юм.


Мөн замын хөдөлгөөн их байвал хотын бүсийн хурдны замын эгнээнүүдийг хязгаарлаж, нэвтрэх хэсгийг хаана гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. Түүнчлэн Олимпын наадамтай холбоотой тээврийн хэрэгслүүдэд зориулсан эгнээг Токио, Чиба дахь спортын байгууламжуудын ойролцоох 11 замд бий болгох ажээ. 

Холбоотой мэдээ