Биeийн байдал нь хөнгөн өвчтнүүдийг ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-05 17:57:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо.

Хурлын үеэр мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй цаг үеийн ажил, зарим тулгамдсан асуудлын талаар санал солилцож, зохих шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, хот, аймаг, сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнд хөл хорио тогтоохгүй байх, халдвар авсан иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж хүнд, хөнгөн байдлаар нь эрэмбэлэн тээвэрлэх, халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тээвэрлэлтийн баг” нэмэлтээр гарган бэлэн байдалд шилжүүлэхээр болсон байна.

Мөн коронавирусний халдвар авсан, биeийн байдал нь хөнгөн өвчтнүүдийг Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн хяналтад гэрээр эмчлэх, үүнтэй холбогдуулан Жаргалант сумын таван Өрхийн эрүүл мэндийн төв, Булган сумын Өрхийн эрүүл мэндийн төвийг энэ сард багтаан унаатай болгох, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх аж.

Үүнээс гадна халдварын улмаас биeийн байдал нь хүнд, хүндэвтэр иргэдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн "Тусгаарлах эмнэлэг"-т хэвтүүлэн эмчлэх, эмч эмнэлгийн ажилтнуудын ээлжийн амралтыг олгох, тэдний оронд түр ажиллах сайн дурын багийг томилох, цалин хөлс олгох санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх зэрэг шийдвэр гаргасан гэж Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб, ЗДТГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ