"Чингис хаан” олон улсын нисэх буудлыг энэ сарын 4-нд нээнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-07-02 16:05:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр байгуулсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нээлтийн ёслол энэ сарын 4-нд болно. Нисэх буудлын анхны нислэгийг МИАТ ХК Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэх юм. Нисэх буудлын анхны нислэгийг МИАТ ХК Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэх юм.


Өнөөг хүртэл гадаад, дотоодын олон зорчигчдод үйлчилж ирсэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь 1957 онд ашиглалтад орсноос хойш Монгол Улсын хөгжлийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөл засваруудыг хийж байсан. Гэсэн хэдий ч тус нисэх буудал нь урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдсэн, зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой зэрэг газар зүйн байршил нь хязгаарлагдмал байв. Түүнчлэн цаг уурын нөхцөл нь онгоцны хөөрөх ба буух үйлдлүүдийг хязгаарлаж нислэг хойшлох, саатах, цуцлах асуудал байнга гардаг тул нислэгийн найдвартай, аюулгүй байдлыг сайжруулах шаардлага үүсээд байжээ. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын жишигт нийцсэн, японы дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ нисэх буудлыг Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 км, Төв аймгийн нутагт байгуулсан юм.


Япон Улсын Засгийн газар нь энэхүү бүтээн байгуулалтын төслөөс гадна “ЖАЙКА”-гийн техникийн хамтын ажиллагааны төслөөр нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, нислэгийн зурвасын ашиглалт засвар үйлчилгээ, шатахуун хангамжийн ашиглалт засвар үйлчилгээ, үнэ тариф тогтоох болон түрээсийн менежмент зэрэг ажилд оролцсон байна. “ЖАЙКА”-гаас шинэ нисэх буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжлэг олгосноор Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компани хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан менежментийг хийх болсон. Энэ нь  Монгол Улсад нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцаж буй анхны тохиолдол юм.


Шинэ нисэх буудал нь Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ аялал жуулчлал, ачаа тээвэр, нисэх буудал орчмын хөгжил зэрэг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. 


Иений зээлийн төслийн товч танилцуулга

• Нийт санхүүжилт: 65 тэрбум 657 мянга иен

• Төсөл хэрэгжсэн хугацаа: 2013.06-2020.04

• Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ: 35,300 м2 (жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой)

• Хөөрч буух зурвас: 3,600м урт, 45м өргөн, нэг зурвас

• Перрон: 104,200 м2

• Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламж

• Төслийн зөвлөх: “Азүса СэккэйХК Ориентал Консалтанс Глобал ХК” түншлэл

• Ерөнхий гүйцэтгэгч: “Мицүбиши ХК-Чиёода ХК” түншлэл 


Нислэг үйлдэх Авиа компаниуд: MIAT, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines, Air Busan, SCAT Airlines, Angara Airlines

Холбоотой мэдээ