Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг сунгажээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-07-02 12:46:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ (2021-6-29 баталсан аж.  


    Цар тахлаас нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий энэ хууль он дуустал хэрэгжинэ. Нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой, хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэгтэй Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулах бололтой. Чуулганы нэгдсэн хуралдаан (2021-6-29)-д оролцсон УИХ-ын 64 гишүүний 47 нь буюу 73.4 хувь нь дэмжжээ. Цар тахлын үеийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжих хугацааг энэ удаа сунгажээ. Хуулийг хэлэлцэн батлах явцад УИХ-ын гишүүдээс Үндсэн хуульд нийцүүлж, Онц байдлын тухай болон Гамшгаас хамгаалах хуулийг нэгтгэн, олон улсын жишигт нийцсэн хуультай болох хэрэгтэй гэсэн санал их гарчээ. 


Техник технологийн дэвшил, өөрчлөгдөж буй цаг үедээ нийцсэн, Онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин зохион байгуулалт зайлшгүй хийх шаардлагатай болсон бололтой. Ийм эрх зүйн орчин, бүтэц бий болгох чиглэлийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болгожээ. Гэхдээ хүний хязгаарлаж болох эрх, эрх чөлөө, хязгаарлаж болохгүй эрх, эрх чөлөөний заагийг тодотгосон онцгой байдлын үеийн эрх зүйн зохицуулалт олон улсад байдаг тухай сануулсан байна.


УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх юм.   


Мөн УИХ-ын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүн шинжилгээ, цаашид нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаарх Түр хорооны санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцээд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 36 дугаар тогтоолыг баталжээ.  


Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийт 17 удаа хугацаа сунгасан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 5 удаа шилжүүлж, 2 удаа хугацаа сунгаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлан, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. 


Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 оноос Засгийн газраас 71 тогтоол,  Улсын онцгой комиссоос 17 тогтоол, 99 тушаал, 10 албан даалгавар, 60 хурлын тэмдэглэл гарган холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. 


Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй. Мутацлагдсан дельта онголд бүртгэгдсэн) вирус дэлхий дахинд эрчимтэй тархаж, халдварын нөхцөл байдал улам хүнд байгаа. Улмаар гурав дахь давалгаа үүсэх магадлалтай гэж эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлжээ. Эдгээр нь дээрх хуулийг сунгах, нэмэлт оруулах суурь нь болсон бололтой.

Холбоотой мэдээ