Коронавирусний халдвар авсан хүүхдүүдэд дархлаа дэмжих багц олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор хүнсний болон дархлаа дэмжих багц олгох ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Есөнбулаг сумын “Энх-Алтай”, “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв, 18 сум, 2 тосгоны ЗДТГ, “Улаан загалмайн хороо, Хүүхэд хамгаалагч төслийн ажилтан, “Сүндэр-Алтай” ХХК, Шидэт тун эмийн сантай хамтран өрнүүлжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 12-ноос зургаадугаар сарын 25-ныг хүртэл гурван үе шаттайгаар /тавдугаар сарын 12-20-ны хооронд зорилтот бүлгийн 300 хүүхэд, зургаадугаар сарын 1-нд 79 хүүхэд, зургаадугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 40 хүүхэд/ нийт 419 хүүхдэд дээрх багцуудыг олгосон тухай ГБХЗХГ-аас мэдээлэв.