"Эрдэнэт үйлдвэр" ТОП-100 ААН-ийг 18 дахь удаагаа тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-28 16:10:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2020 оны ТОП 100 ААН-ийг тодруулж, нийтэд зарлах үйл ажиллагааг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүлж байна. Тус үйлдвэр өнгөрсөн онд 32.5 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд амжилт болжээ. Үйлдвэр нэг хоногт 88 мянган тонн хүдэр боловсруулж, 6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.6 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байна. 




Цахим шалгаруулалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлж буйг онцоллоо. Эдийн засаг, бизнест үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас татвар, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан ч ТОП 100 ААН-үүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс 2 мянгаар нэмэгдэж, 91 мянга хүрчээ. Энэ нь нийт ажлын байрны 8.1 хувьтай тэнцэж байна. Өнөөдөр нийгэм, эдийн засагт тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд ТОП 100 ААН-ийн гүйцэтгэх үүрэг оролцооны их үнэ цэнийг эдгээр үзүүлэлт харуулж байна” гэдгийг тэрээр тэмдэглэлээ.





Түүнчлэн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын хэмжээ нь 32.6 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 88 хувьтай дүйцэж байна. ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн  үзүүлэлтийг чухалчилдаг юм. 







Холбоотой мэдээ