Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “хариуцлагын гэрээ” байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-25 10:10:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, НМХГ, Улаанбаатар хотын ЗАА, НЦУГ-ын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.


Уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм.


Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “хаах, торгох бодолгүй байгаа” гэлээ. Харин тус байгууллагуудтай “хариуцлагын гэрээ” байгуулан, халдвар хамгааллын дэглэм чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлэх хүсэлтэйгээ мэдэгдлээ.


Хариуцлагын гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно. Харин гэрээнд заасан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг сануулсан юм. 


Монголын ресторан, зоогийн газрын холбооны төлөөллүүд нийтийн хоол, үйлчилгээний газрууд хамгийн эрсдэлтэй бүс гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд удаан хугацаанд  үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүд дээрх хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллана гэжээ. Маргааш 12.00 цагт Соёлын төв өргөөнд аж ахуйн нэгжүүдийг хүлээн авч “хариуцлагын гэрээ”-г байгуулах юм.

 

Холбоотой мэдээ