Төмөр замын тээврийн орлого 24.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-24 10:39:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар энэ оны эхний 5 сард 13.4 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (11.9 хувь) сая тонноор нэмэгджээ.


Үүнд дотоодод тээсэн ачаа нэг (24.3 хувь) сая тн, импортын ачаа 288.8 (25.8 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа 2021 оны 5 дугаар сард 2.6 сая тн болж, өмнөх сарынхаас 115.1 (4.2 хувь) мянган тонноор багаслаа.


Төмөр замаар 2021 оны эхний 5 сард тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 83.1, барилгын материал 11.8, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 1.1, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 0.9, хар төмөр 0.9, мод модон материал 0.3 хувь болон бусад бүтээгдэхүүн 2 хувийг эзэлж байв.


Цар тахлын гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой төмөр замын тээврээр 2021 оны эхний 5 сард зорчигч тээвэрлээгүй аж.


Харин төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 5 сард 326.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.9 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн тухайлбал, нүүрс, жонш, жоншны баяжмал, барилгын материалын тээвэрлэлт, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн 5 дугаар сард 68.9 тэрбум болж, өмнөх сарынхаас 3.1 (4.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Холбоотой мэдээ