Эрдэнэбулган сумын зорилтот дөрвөн өрхөд иж бүрэн гэр олгов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-06-23 17:48:44

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран Эрдэнэбулган сумын харьяат, зорилтот бүлгийн дөрвөн өрхөд иж бүрэн гэр шийдвэрлэн өглөө. 

"Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллага нь Архангай аймагт 2019 оноос эхлэн Дотоодын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд нийт 12 өрхөд 3,230,000-3,700,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн таван ханатай гэрийг шат дараатайгаар олгоод байгаа юм. 

2021 оны хувьд аймгийн Засаг даргын саналын дагуу Эрдэнэбулган сумын 2, 4-р багийн зорилтот бүлгийн айлуудад 3,700,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн гэр ийнхүү олголоо. 

Мөн энэ үеэр Эрдэнэбулган сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Санжмятав, сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Х.Отгонбат нар иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллав.  

Аймгийн Засаг дарга Д.Золжаргал гэрийг гардуулан өгөх үеэр "Дэлхий Зөн Монгол" олон улсын байгууллагын бие төлөөлөгч нарт баярласнаа илэрхийлэн, тэдний санал хүсэлтийн дагуу ирэх жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эдгээр өрх айлыг хамруулж, тухай бүр газрын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон юм.

Холбоотой мэдээ