Шатахууны бөөний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-30 15:27:06

 “Ил тод уул уурхай”  хэвлэлийн бага хурлаар Уул Уурхайн Сайд Р.Жигжид салбарын  асуудлаар мэдээлэл хийлээ.

Гацууртын орд орчмын Нинжа нарыг албадан гаргажээ

Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах бичил уурхай болон Гацууртын ордтой танилцсан байна. “Дууш мандал хайрхан” ТББ-д 400 гаруй гар аргаар алт олборлогч нэгдэн, нөхөрлөлийн зохион байгуулалтад оржээ.УИХ-ын тогтоолын дагуу  Гацууртын ордыг стратегийн ордод хамруулсан бөгөөд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч дэмжлэг аваагүйн улмаас үйл ажиллагаа нь зогсонги байгаа аж. Уул уурхайн сайдтай Түүх, археологийн болон Газар зүй, геологийн цэвдэг судлалын хүрээлэнгийн мэргэжлийн баг Гацууртын ордын түүх дурсгалын зүйлс, цэвдгийн судалгааг дахин нягталжээ. Тус ордын ойр орчимд хууль бусаар алт олборлогчид байгааг албанынхан хэллээ. Тухайлбал Гацууртын ордод энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хууль бус алт олборлогч дайрсны улмаас нэг хүн шороонд дарагдан эмнэлэгт хүргэгджээ. Иймээс тус сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж нинжа нарыг орд газраас албадан гаргасныг дуулгалаа.

"Эрдэс баялгийн бирж" улсын төсвийн орлогын эх үүсвэрийг нэмнэ

Засгийн газраас өнгөрсөн онд Эрдэс баялгийн бирж байгуулах тухай тогтоол гарсантай холбогдуулан хуулийн төслийн үзэл баримтлалыг  батлуулсан Эл үзэл баримтлалыг үндэслэн 7 бүлэг 28 зүйлтэй хуулийн төслийг боловсруулж буй аж.

“Хууль баталснаар Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн орчин бүрдэж нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах боломжтой болно.Түүнчлэн эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарласнаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдана. Бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болсноор арилжаанд оролцогчдын эрсдлийг бууруулах тул хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдэнэ” хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид тодотголоо.

Шатахууны үнэ литр тутамд 60-300 төгрөгөөр буурсан гэв

 Салбарынхны өгсөн мэдээллээр шатахууны гаалийн үнэ 2014 оны 8-р сараас эхлэн тонн тутамд 1011 ам.доллараас 517 ам.доллар болж буурчээ. Шатахууны хэрэглэгчдэд хүрэх үнэ нь гаалийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрдэх бөгөөд санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлтийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж.

"Монгол Улс сард 100 орчим сая ам.долларын өртөгтэй нефтийн бүтээгдэхүүн импортлодог байсан бол дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар  өнөөдөр 45-50 орчим сая ам.доллар зарцуулж байна. Ийм хэмнэлтийг дотооддоо шингээж байна” хэмээн Газрын Тосны Газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ. 

 2015 оны эхэн үеэс баруун аймгуудад шатахууны үнэ 150 төгрөгөөр, Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуйн нэгжид бөөнөөр борлуулж буй шатахууны литр тутмын үнэ 300 төгрөгөөр буурч 1390 төгрөг орчим болжээ. Мөн 9-р сарын байдлаар хотын захын дүүргүүд болон Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдад шатахууны үнэ литр тутамдаа 60 төгрөгөөр буурсан байна.

Шинээр 490 тусгай зөвшөөрөл олгожээ

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлснээс хойш 490 тусгай зөвшөөрлийг шинээр олгоод байгаа аж. Есдүгээр сарын 21-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан шалтгааныг холбогдох байгууллагууд тогтоожээ. Кибер аюулгүй байдлын газраас дээрх системийг шалган кодод алдаа гарсны улмаас  гацалт үүссэн халдлагын шинжтэй үйлдэл биш гэсэн дүгнэлт гаргажээ.

Уул уурхайн бүтээгдэхүүнээс улсын төсөвт 146.1 тэрбум төгрөг  төвлөрчээ

 Энэ оны эхний найман сарын байдлаар Ашигт Малтмалын Газар нийт 27.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 21.5 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 2.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.2 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 118.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 116.9 тэрбум төгрөг,бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна.Уул уурхайн сайдын багцын орлого нийт 146.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Монгол Улс  эхний 8 сарын байдлаар  15.2 сая тонн нүүрс олборлов

Энэ оны эхний найман сарын байдлаар нүүрс 15.2 сая тонн, алт 7.2 тн, газрын тос 766.9 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 145.8 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 820.3 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 3.7 сая тонн, цайрын баяжмал 61.1 мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ.

Б.Заяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд