Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-6 см байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-22 16:50:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн цаг агаарын нөхцөлийн тойм мэдээнээс үзэхэд энэ сарын 10-20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 75 хувьд 89.5 мм аадар бороо орлоо. 

Тодруулбал, Мөнххайрхан, Дуут, Мөст, Дөргөн, Жаргалант, Мянгад сумын нутгаар бороо орсон. Харин  Чандмань, Дарви, Булган, Үенч сумын нутгаар тунадас ороогүй байна.

Мөн сүүлийн үед салхины их хурд аадар борооны өмнө ширүүсэж, секундэд 10-19 метр хүрч шуурсан.

Ихэнх сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйлт жигдэрсэн. Гэвч сүүлийн 10 хоногт нийт суманд хөрсний чийг бага, халуун хуурай салхи их, хур бороо бага орсон учраас бэлчээрийн ургамлын ургалтад сөрөг нөлөө үзүүлж байна.  

Өөрөөр хэлбэл, өвс шарлах, сонгинолог ургамал хатаж алга болох, ургалт удаашрах, зогсонги байдалд орох зэрэг тааламжгүй нөхцөл үүсэж байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Одоогоор бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-6 см, ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд дунд, 30 гаруй хувьд муу үнэлгээтэй байна.

Жаргалант, Манхан, Цэцэг сумын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй. Малчдын сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах ажил эхэлсэн байна.   

Холбоотой мэдээ