Хятадад дэгдсэн хар салхи 78 хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-24 11:05:51

БЭЭЖИН. /АР/. Хятадын зүүн нутгийг хар салхи дайрсны улмаас 78 хүн амиа алдсан тухай тус улсын Иргэний хэргийн яам мэдэгдлээ. Мөн тус яам мэдэгдэхдээ “Хар салхины улмаас 500 орчим хүн гэмтэж бэртсэний 200 орчим нь ноцтой бэртсэн” гэв.

Хар салхи өчигдөр тус улсын Зянсу мужийн Яньчөн хотыг дайран өнгөрөхдөө олон барилга байшинг эвдэн сүйтгэж, цахилгаан эрчим хүчний шугамыг тасалж, харилцаа холбооны шугамуудыг гэмтээжээ.

Гал сөнөөгчид болон холбогдох албаны хүмүүс аврах ажиллагаа явуулж, хохирлын хэмжээг тогтоохоор судалж байна.

Узбекистанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа БНХАУ-ын дарга Си Зинпин оршин суугчдыг аврахын тулд бүхий л боломжтой арга хэмжээг авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.

Гамшигт өртсөн бүсүүдэд өнөөдөр ширүүн бороо орж, цаг агаарын байдал тогтворгүй байна гэж Хятадын цаг уурчид анхааруулжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ