Арвайхээр суманд 100 тоннын зоорь барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-21 19:12:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зорилтот жилийн хүрээнд зарим суманд хүнсний ногооны төрөлжсөн зоорь шинээр барих, сэргээн засварлах, өвлийн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Аймгийн хэмжээнд 2745 тоннын багтаамжтай зоорь, 10922 м2 талбай бүхий 182 хүлэмжтэй ч иргэд, аж ахуйн нэгжүүд хүнсний ногоогоо хадгалах зоорийн хүрэлцээ бага байдаг аж. Тиймээс Арвайхээр суманд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 130 сая төгрөгийн санхүүжилтээр хүнсний ногооны төрөлжсөн 100 тонн багтаамжтай зоорь барихаар сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Мөн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барих төслийг дэмжиж,  Баруунбаян-Улаан сумын “Баяндөхөмийн өгөөж буян” ХХК, Хужирт сумын “Цэгээн агро” ХХК, Арвайхээр сумын “Медисон комплекс” ХХК, Богд сумын “Дулаан богдын тун” ХХК-д нийт 135 сая төгрөгийн зээл олгоод байгаа аж. 

Холбоотой мэдээ