Чацаргана тариалагчид трактортой боллоо

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-06-18 17:56:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо манай улсад чацарганы аж ахуйг кластер хэлбэрээр хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн хийж эспортод гаргах "Pro Value" төслийг хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд Улс аймагт орон нутгийн чацаргана тариаланчид болон үйлдвэрлэгчид нэгдэн чацарганы кластер хоршоог байгуулан хамтарсан тариалалт болон үйлдвэрлэлийг эхлүүлж байгаа юм. Кластерын гишүүд төслийн хамтарсан санхүүжилтийн дэмжлэгтэйгээр худалдан авсан  бага оврын трактороо саяхан хүлээн авлаа. 




"Pro Value" төслийг Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо манай улсын МҮХАҮТ, тус танхимын Увс аймаг дахь салбар танхимтай хамтран 2015 оноос эхлэн чацарганы кластерыг байгуулж, орон нутагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд Увс, Архангай аймагт кластер байгуулж, кластерчилсан хөгжлөөр чацаргана болон ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар Монголын хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.


Тодруулбал, төслийн хүрээнд ХАА-н салбарын мэргэшсэн гадаад, дотоодын мэргэжилтнүүд сургалт, семинарыг зохион байгуулж ирэв. Тухайлбал, Увс аймгийн кластерийн гишүүд, бизнес эрхлэгч, тогооч нарт Герман улсын мэргэжилтэн Никлот Пагельс "Элсэн чихрийн орцгүй жимсний шүүс үйлдвэрлэх технологи" сургалтыг зохион байгуулах зэргээр Германы технологийг шилжүүлэн хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд үүний өмнө "Монголын чацаргана дэлхийн зах зээлд" чацарганы кластерын анхдугаар чуулганыг МҮХАҮТ-д зохион байгуулж байв. 




Холбоотой мэдээ