Ө.Золжаргал: Би өвдчихвөл яаж үүрэг гүйцэтгэж чадах вэ гэж бодсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-17 13:45:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахлын халдвар манай улсад эрс нэмэгдэж байна. Халдварт өвчнийг тогтоон барих, эрсдэлийг бууруулах гол галын шугам дээр эмнэлгийнхэн болон цагдаа, онцгой байдлын алба хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байна.

Дорноговь аймаг бараг 60 гаруй хоног ногоон бүс байсан үе бий. Харин сүүлийн хугацаанд халдварын тархалт огцом нэмэгдэж Сайншанд суманд хэд хэдэн газар тусгаарлах байранд халдварын ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлаж буй.

Тусгаарлах байранд 14 хоног үүрэг гүйцэтгээд дараагийн эмчид ээлжээ хүлээлгэн өгөөд байгаа Сайншанд сумын “Мишээлт мана” Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч Ө.Золоотой цахимаар ярилцлаа.

Тэрээр Дорноговь аймгийн АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны их сургуулийг хүний их эмчээр төгссөн. “Мишээлт мана”  Өрхийн эмнэлэгт 2019 оноос хойш өрхийн эмчээр ажиллаж байгаа юм.


-Та одоо гэрийн тусгаарлалтад байна уу?

-Би гэрийн тусгаарлалтад байна. Долоо хоногийн эхэнд болон сүүлчээр шинжилгээ өгнө. Тэгээд тусгаарлалтаа дуусгаад ажлаа хийнэ дээ.

-Тусгаарлах байрны нөхцөл байдал ямар байв?

-Өрөөний хүрэлцээ боломжийн байсан. Би тусдаа нэг давхрын өрөөнд, харин бусад хүмүүс хоёр, гурван давхрын өрөөнд байрласан.

Буудлынх нь гал тогоо ажиллахгүй тул гаднаас хоол нь ирдэг байсан. Ойрын хавьтлын хүнийг эхлээд долоо хоног тусгаарлаад, дараагийн долоо хоногт гэрийн тусгаарлалтад байлгах ёстой.

-Анх тусгаарлах байранд ажиллахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Тусгаарлах байранд очиход хүмүүс нь ирээгүй байсан. Миний ажиллах өрөө зориулалтын бус өрөө байсан.

Гэнэт бие арзайгаад эхлэхээр нь эвгүй санагдаж байсан шүү. Би өөрөө өвдчихвөл яаж үүрэг гүйцэтгэж чадах вэ гэж бодсон.

Юун түрүүнд өөрийгөө хамгаалах ёстой гэдгээ ойлгосон. Ингээд хамгаалалтын хувцсаа байнга өмсөж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж ажилласан. Мөн Онцгой байдлын алба хаагч ч ажиллаж байсан.

-Тусгаарлах байрны эмчийн гол үүрэг юу вэ?

-Ирсэн хүмүүсийг бүртгэнэ. Өөр өөр голомтын хүмүүс ирвэл тусад нь, нэг голомтын хүмүүс байвал аль болох нэг дор байлгах үүрэгтэй.

Хамгаалах хувцастайгаа өглөө, өдөр, оройн хоолыг нь өрөөний хаалганы өмнө аваачиж өгнө.

Дараа нь танд зовуурь байна уу, амт үнэр мэдэрч байна уу гээд халууныг нь хэмждэг. Тандалтын асуумж ч авна. Би “Маргад” зочид буудалд зургаадугаар сарын 1- 15-ныг хүртэл эмчээр ажилласан.

-Ихэвчлэн  нутгийн хүмүүс тусгаарлагдсан уу?

-Хүмүүсийн ихэнх нь аймгийн төвийнх. Ханги боомтоос нэг хүн ирсэн байсан.

Эхний долоо хоног 24, дараагийн долоо хоногт 62 хүн хянасан.

-Хүмүүс тантай хэрхэн харьцаж байсан бол? Хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ?

-Хүмүүсийн дунд уурлаж уцаарлах тохиолдол бишгүй гарсан. Зарим нь үнэхээр би ойрын хавьтал учир тусгаарлагдах ёстой гээд эрх үүргээ ухамсарлаж байхад, зарим нь өөрийг нь хүчээр аваад ирчихсэн юм шиг аашилдаг хүн ч байна.

Коронавирусний халдварын тохиолдлын ойрын хавьтал учраас өөр хүнтэй удаан харьцах боломжгүй. Гэтэл үйлчлүүлэгч дуудаж өрөөгөө цэвэрлүүлэх ёстой гэсэн шаардлага зарим нэгэн хүн тавьсан.

Учирлаж хэлэхээр ойлгоно, зарим нь ойлгохгүй. Долоо хоногийн  мягмар, баасан гаргийн 17.00-19.00 цагт эргэлт авдаг журамтай гээд тайлбарлаад байхад өдөр болгон л эргэлт авах гээд зөрсөн хүн бий. Мөн хүүхдээрээ далимдуулж уурлаж уцаарлах явдал гарсан.

Тусгаарлах байранд ирсэн хүмүүсийг бүртгэж өрөөг нь зааж өгөөд явуулдаг. Тухайн үед ажилдаа анхаараад би эмч гэдгээ хэлэхээ мартсан байлаа.

Намайг хүмүүс буудлын үйлчлэгч гэж ойлгоод утсаар ярихдаа “Буудлын үйлчлэгч үү? надад эргэлт ирсэн, түүнийг авах гэсэн юм гээд л ярьдаг. Тэгэхээр өөрийнхөө ажлыг залруулж  “Би эмч шүү,  биеийн байдал эвгүйрхсэн тохиолдолд надад хандаарай” гээд хэлдэг.

-Таныг тусгаарлах байранд ажиллаж байх хугацаанд коронавирусний халдварын тохиолдол илэрсэн үү?

-Намайг ажиллаж байх үед тусгаарлалтын хүмүүсээс 12 тохиолдол илэрсэн. Хүмүүсээс гурав дахь хоногт,  мөн  зургаа дахь хоногт тус тус шинжилгээ авч байсан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач эмч, лаборатари, ариутгал халдваргүйжүүлэх сувилагч нарын хүмүүс ажилласан.

-Биеийн байдал нь  хүндэрсэн тохиолдол гарав уу?

-Айхтар хүнд тохиолдол гараагүй.

-Халдвар авсан хүнд  ямар шинж тэмдэг илэрч байсан бэ?

-Огцом шинж тэмдэг илрээгүй. Гол шинж тэмдэг нь үнэр мэдрэхгүй, бие арзайх, хоолой хөндүүрлэх, үе үе бага зэрэг ханиах шинж тэмдэг илэрч байсан.

“Ковид-19” халдвар илэрсэн хүмүүсийг хаана тусгаарласан бэ?

-Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Сайншанд сумын  40 ортой эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа.

-Ажлын ачаалал ямар байна?

-Шөнийн хэдэн ч цаг болсон хамаагүй хүн ирэхэд хүлээн авч өрөөнд нь оруулах, халууныг нь үзэх гээд  өөрт оногдсон ажлаа  л хийнэ.

-Тандалтын багийнхантай байнгын холбоотой ажилладаг уу?

-Тэгэлгүй яахав. Тандалтын багийнхан бараг 24 цагийн турш ажиллаж байсан. Халдвар судлаач эмчтэйгээ байнга холбогдоно. Халдвар судлаач багийнхан байнга л тандалтаар явж шинжилгээ авдаг.

-Шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг вэ?

-Тандалтын багийнхан үдээс өмнө шинжилгээгээ аваад үдээс хойш оношилдог юм билээ. Эерэг гарлаа гэвэл тухайн хүнтэйгээ холбогдож, дараагийн тархалтын судалгаа, хавьтлыг тодорхойлдог.

-Ковидтой тэмцэж байгаа эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал нөхцөл байдал ямар байна вэ?

-Ажлын ачаалал их байгаа. Хоногийн 24 цагийн бараг талд нь ажиллаж байна. Хагас бүтэн сайнд ямар ч амралтгүй ажиллаж байна.

Өрхийн эмнэлгийнхэн вакцинаа хийнэ, нэг хэсэг нь үндсэн ажлаа хийнэ. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн тандалтын шинжилгээг ч ажлын бус цагаар очиж авна. Өглөө 07.30 гээд гэрээс гарна, өдөр гэртээ харихгүй, орой 22.00 цагаас хойш харих тохиолдол нийтлэг гардаг.

-Ковидтой холбоотой дүрэм журам амьдралд хэрхэн нийцэж байгаа бол?

-Нөхцөл байдалтай холбогдуулж гаргасан зарим дүрэм журам нь  хурдан хугацаанд өөрчлөгддөг.

-Ковидын нөхцөл байдал хүндэрч байна. Цар тахалтай тэмцэхэд мэдээж иргэдийн үүрэг ухамсар хамгийн чухал ?

Нөхцөл байдал хүндэрч байна. Хүмүүсийн ухамсар ч янз бүр. Зарим хүмүүс бидний ажлыг хүндэтгээд ухамсар гаргаад шинжилгээ өгч байхад зарим нь ойлгохгүй, хаалга үүд нүдлээ гэсэн асуудал гаргана.

Хүмүүс гадуур хүүхдүүдээ дагуулан маш их явж байна. Зарим  нь амны хаалтгүй явж байгаа харагдах. Хоёр  дахь тундаа хамрагдаад дархлаа тогтчихсон гээд хөдөө хээр, ах дүү найз нөхдөөрөө салхинд гарч аялж зугаалах үзэгдэл их байна.

Хүн хоорондын зайгаа барихдаа ч тааруу. Зарим хүмүүс үнэхээр тэвчээр муутай юм. Тэг зогсолтоо хийгээч гэж өөрсдөө баахан уриалчихаад дараа нь журам гаргаад тэг зогсолт хийхээр “Замаа нээгээч, дэлгүүрээ ажиллуулаач" гээд бухимддаг.

-Сүүлийн үед халдвар богино хугацаанд эрчимтэй тарлаа. Халдвар тархах үндэс юунаас болсон бол?

-Хүмүүсийн бөөгнөрөл үүссэн газарт халдвар тархах эрсдэл өндөр байдаг шүү дээ. Хэд хэдэн удаа олон нийтийн үйл ажиллагаа зохиосон.  Дээрээс нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн байх.

-Ковидоос урдьчилан сэргийлэх, эрсдэл багатай даван туулахын тулд хүмүүс юуг хамгийн түрүүнд хийх ёстой вэ?

-Халдвар хамгааллын дэглэм сайтар сахих. Содтой болон давстай усаар хоолойгоо зайлах, витамин С болон Д хэрэглэх.

Мөн дархлаа дэмжих бүтээгдэхүүн, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зохицуулах, гэрээ тогтмол агааржуулж, сайн унтаж амрах ёстой. Одоо бага насны хүүхдүүд маш ихээр өвдөж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдэдээ анхаарал халамжаа сайтар тавих хэрэгтэй.

-Хүмүүс тусгаарлалтын байрнаас гарахдаа ямар сэтгэгдэлтэй гардаг бол?

-Зарим нь баярлалаа гэж хэлээд гарна. Зарим нь өөрсдийг нь хүчээр авчраад хорьчихсон юм шиг юу ч ярилгүй бараг зугтаах маягтай явчихдаг.

Харин би тусгаарлалтын хугацаа дуусаад гарч байгаа хүмүүсийнхээ тухай харьяа багийн өрхийн эмч рүү нь ярьж гэрийн тусгаарлалт руу шилжлээ гэдгийг мэдэгдэнэ.

-Өрхийн эмнэлэг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг анхан шатны байгууллага. Хүмүүст ямар үйлчилгээ хүргэдэг  талаар тодруулах уу?

-Тийм ээ Өрхийн эмнэлэг эрүүл мэндийн хамгийн анхан шатны байгууллага. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүсээд ирсэн хүмүүст чадахаараа үйлчилнэ.

Хэрэгтэй эм тариаг нь хийнэ, сэргээн засах эмчилгээ үзүүлнэ. Хүмүүсээ үзэж эмчилгээ бичнэ. Хөнгөлөлттэй эм бичнэ. Зовуурьтай хүн ирсэн тохиолдолд тухайн хүн ямар өвчтэй байгаагаас хамаарч эмчилгээ хийдэг. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хоёр дахь шатны эмнэлэгт илгээдэг.

Харьяа багийнхаа амаржсан эхчүүдийг төрөх тасгаас нь гаргаж авч хүүхдээ үзэж, бүртгэлд оруулдаг. Дараа нь хүүхдээ сарын дотор дөрвөн удаа эргэдэг.

Дуудлагаар харьяа багийн иргэддээ үйлчилнэ, гэрийн эргэлт хийнэ, ахмад настай харж хандах хүнгүй хүмүүст асаргаа сувилгаа үзүүлж тусламж үйлчилгээ хүргэнэ.

Хэвтрийн хүмүүст очиж тариаг нь хийж өгнө. Шаардлагатай вакциныг графикийн дагуу хийх гээд Өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарын ажил дуусахгүй.

-Ковидтой тэмцэж байгаа таны ажилд амжилт хүсье.

Холбоотой мэдээ